Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Г.Ариунбаатар Италийн Парма хотноо зохион байгуулагдаж буй 26 дахь удаагийн Ж.Вердийн наадамд Жузеппе Вердийн алдарт “Набукко” дуурийн гол дүрд тогложээ.
Вердийн дэлхийн дуурийн урлагт нэр хүндийг нь бататгасан бүтээлүүдийн нэг болох “Набукко” дуурийн шинэ тавилтад Г.Ариунбаатар Набукко буюу Вавилоны хааны дүрийг бүтээсэн байна. Энэхүү шинэ тавилтыг Италийн нэрт найруулагч Пьер Луижи Пицци бүтээсэн бол Франческо Ланциллотта удирдаж, Болонья хотын Театро Комунале театрын найрал хөгжим болон Пармагийн Театро Режо театрын найрал дуу оролцжээ.
Г.Ариунбаатар өмнө нь Ж.Вердийн “Набукко” дуурийн Набукко, “Макбет” дуурийн Макбет, “Риголетто” дуурийн Риголетто, “Травиата” дуурийн Жорж Жермон, “Трубадур” дуурийн Гүн ди Луна, “Бал-маскарад” дуурийн Ренато, “Аида” дуурийн Амонасро, “Отелло” дуурийн Яго, “Дон Карлос” дуурийн Родриго, “Симон Бокканегра” дуурийн Симон Бокканегра гэхчилэн дууриудад гол дүрүүдийг олон улсын нэр хүндтэй тайзнаа бүтээж байв.


