Холливудын нэрт жүжигчин Сэмюэл Л.Жексон 1994 оны “Pulp Fiction” киноны алдарт монологоо 32 жилийн дараа ч цээжээр хэлж чаддагаа харуулжээ. Тэрбээр киноны нээлтийн 32 жилийн ойг тохиолдуулан инстаграм хуудсандаа бичлэг нийтэлж, шүтэн бишрэгчдийнхээ дурсамжийг сэргээсэн байна.
Жүжигчин аравдугаар сарын 14-нд хуваалцсан бичлэгтээ киноны өөрийнхөө бүтээсэн Жюль Уиннфилдийн дүрийн хамгийн алдартай хэсгүүдийн нэг болох Библийн эшлэлтэй монологийг хэлжээ. Тэрбээр бичлэгийнхээ тайлбарт “32 жилийн дараа ч би үүнийг цээжээрээ санаж байна” гэжээ.
Квентин Тарантиногийн найруулсан “Pulp Fiction” кинонд Сэмюэл Л.Жексон, Жон Траволта нар Лос-Анжелес хотод ажилладаг хөлсний алуурчдын дүр бүтээсэн юм. Жексоны тоглосон Жюль Уиннфилдийн хэлдэг “Езекиел 25:17” хэмээн эхэлдэг монолог нь киноны хамгийн алдартай хэсгүүдийн нэг болж, кино урлагийн түүхэнд үлджээ. Гэхдээ кинонд ашигласан үгс нь Библийн эх бичвэрээс өөр бөгөөд найруулагчийн зохиолд зориулан өөрчилсөн хувилбар юм.
“Pulp Fiction” кино 1994 оны аравдугаар сарын 14-нд нээлтээ хийж, тухайн үеийн кино урлагт томоохон нөлөө үзүүлсэн бүтээлүүдийн нэг болсон. Тус кино 1995 оны “Оскар”-ын шагнал гардуулах ёслолд долоон төрөлд нэр дэвшиж, Квентин Тарантино, Рожер Эвери нар эх зохиолын шагнал хүртсэн билээ. Харин Жексон уг бүтээлээрээ “Оскар”-ын шилдэг эрэгтэй туслах дүрийн төрөлд нэр дэвшсэн юм.
Жексон “Pulp Fiction”-оос хойш Тарантиногийн “Jackie Brown”, “Django Unchained”, “The Hateful Eight” зэрэг кинонд хамтран ажиллажээ.

