“Цагаан хадны өнгө” баримтат киноны Монгол дахь нээлт “Тэнгис” кинотеатрт өчигдөр /2026.10.19/ үзэгчдийн хүртээл боллоо.
Монголын уудам говийг туулан, Хятадын хилийг зорин тасралтгүй цуврах мянга мянган нүүрс тээврийн ачааны машины дунд эрчүүдтэй мөр зэрэгцэн амьдралынхаа төлөө тэмцэх цөөн эмэгтэй жолоочийн нэг болох С.Майхүү хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө аюул осол гарах эрсдэл өндөртэй, нийгмийн болон эрүүл мэндийн хамгаалалтгүй орчинд хэрхэн амьдралын төлөө тэмцэж буйг 6 жилийн турш баримтжуулж кино болгон бүтээжээ.
Найруулагч Ч.Хоролдорж “Цагаан хадны өнгө” баримтат кино нь Францын “Petite Maison Production” болон Монголын “iCity Films”-ийн хамтын бүтээл юм.

Уг бүтээл нь 2026 оны зургаадугаар сараас эхлэн олон улсын үзэгчдэд анхлан хүрч кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч, нэр хүндтэй Нью-Йоркийн “Трайбека” болон Их Британийн “Шеффилд ДокФест” наадмын уралдаант хэсэгт сонгогдож, Цюрихийн кино наадмаас Filmpreis der Zürcher Kirchen шагнал хүртсэний дээр Бусаны олон улсын кино наадмын “Wide Angle” хөтөлбөрт шалгарчээ.
“Цагаан хадны өнгө” баримтат кино нь Монголын уул уурхайн хурдацтай өсөлт, асар их мөнгөн урсгалын цаана орхигдсон бодит амьдрал, хүнд хэцүү ажлын нөхцөлийг эгэл тээвэрчдийн түүхээр дамжуулан хурцаар хөнджээ.
Киноны зураг авалтыг Өмнөговь аймгийн Тавантолгой, Нарийн сухайт нүүрсний орд газрууд, Ханбогд сумын нутаг дахь “Цагаан хад” суурин болон нүүрс тээврийн замуудын бодит орчинд хийснээрээ онцлогтой аж.
Найруулагч Ч.Хоролдорж “Зүүд” (2010) богино хэмжээний киногоороо Каннын кино наадмын “Short Film Corner”-д, “Шарга даага” (2013) уран сайхны киногоороо Бусан, Фрибургийн наадамд оролцож, “Говийн бүсгүй” (2023) бүтээлээрээ Британийн Grierson Award-аас “Шилдэг богино хэмжээний баримтат кино”-ны шагнал хүртэж байсан чадварлаг уран бүтээлч юм.
Энэхүү бүтээл удахгүй бүх IPTV платформуудаар үзэгчдийн хүртээл болох аж.

