Баримтат өв нь тухайн цаг үеийн түүх, соёл, нийгмийн амьдралыг илтгэх бичиг баримт, гэрэл зураг болон бусад биет, цахим баримтаар дамжуулан өнгөрсөн үеийн мэдээллийг хадгалж, хойч үед өвлүүлэн үлдээдэг үнэт өв юм. Музей, архивд хадгалагдаж буй эдгээр баримт нь түүхэн үйл явдал, нийгмийн өөрчлөлтийг бодит эх сурвалжаар гэрчлэн харуулдгаараа онцлогтой.
Дархан хотод төрсөн ихэр хүүхдэд мөнгөн тэтгэмж олгож байсан тухай 1962 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 78/10 дугаартай Дархан хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны тогтоол архивд хадгалагдаж байна.
Тус тогтоолд 1962 оны наймдугаар сарын 28-нд Дархан хотын Найрамдал хорооны орон сууц, гудамжны нэгдүгээр хороонд оршин сууж байсан Цэрэнжамцын Ханджав ихэр хүү төрүүлсэн тул нэг удаагийн тэтгэмж болгон 1000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн тухай тэмдэглэжээ.
Тухайн үед Дархан хотын анхны даргаар ажиллаж байсан С.Цагаан санхүүгийн хэлтсийн дарга Лувсаншарав, нягтлан бодогч Жанлав нарт тэтгэмжийг олгохыг даалгасан байна.


