“Загалмайлсан эцэг” (“The Godfather”) киноны Майкл Корлеонегийн дүрээр дэлхий даяар танигдсан жүжигчин Аль Пачино Холливүүдийн кино урлагт оруулсан хувь нэмэр, хүмүүнлэгийн үйлсийг нь үнэлж, “SAG-AFTRA” холбооны насан туршийн амжилтын шагнал хүртэхээр болжээ.
АНУ-ын Кино, телевизийн жүжигчдийн холбоо буюу “SAG-AFTRA” энэ сарын 15-нд уг шийдвэрийг албан ёсоор зарласан байна. Аль Пачино тус шагналын 62 дахь эзэн болох бөгөөд шагналыг 2027 оны хоёрдугаар сарын 28-нд Лос-Анжелес хотод болох 33 дахь удаагийн “Actor Awards” ёслолын үеэр гардуулах аж. Ёслолыг “Netflix” платформоор шууд дамжуулна.
60 гаруй жил үргэлжилсэн уран бүтээлийн замналтай Аль Пачино кино, телевиз болон театрын салбарт олон арван мартагдашгүй дүр бүтээсэн юм. Тэрбээр Фрэнсис Форд Копполагийн найруулсан 1972 оны “Загалмайлсан эцэг” кинонд Майкл Корлеонегийн дүрийг бүтээснээр олны анхааралд өртөж, улмаар үеийнхээ хамгийн нэр хүндтэй жүжигчдийн нэг болсон билээ.
Түүний алдартай бүтээлүүдэд “Серпико” (Serpico), “Нохой өдрийн үдээс хойш” (Dog Day Afternoon), “Скарфейс” (Scarface), “Эмэгтэйн үнэр” (Scent of a Woman), “Дони Браско” (Donnie Brasco), “Халуун” (Heat) болон “Ирланд эр” (The Irishman) зэрэг кино багтдаг.
Аль Пачино 1993 онд “Эмэгтэйн үнэр” киноны дүрээрээ шилдэг эрэгтэй гол дүрийн “Оскар”-ын шагнал хүртсэн бөгөөд нийт есөн удаа Академийн шагналд нэр дэвшиж байжээ. Түүнчлэн хоёр “Тони”, хоёр “Primetime Emmy”, хоёр “Actor Awards” шагнал хүртсэнээс гадна Америкийн кино хүрээлэнгийн насан туршийн амжилтын шагнал, “Кеннедигийн төв”-ийн хүндэтгэл болон “Сесил Б. Демиллийн шагнал”-аар шагнуулсан юм.
“SAG-AFTRA” холбооны ерөнхийлөгч Шон Эстин түүнийг жүжиглэх урлагийн өндөр түвшнийг олон жилийн турш харуулж, хойч үеийн уран бүтээлчдэд үлгэр дуурайл болсон уран бүтээлч хэмээн онцолжээ. Шагнал нь зөвхөн урлагийн амжилтыг бус, хүмүүнлэгийн үйлсийг мөн үнэлдэг бөгөөд Аль Пачино гамшгийн дараах тусламж, ядууралтай тэмцэх санаачилга болон театрын байгууллагуудыг дэмжих ажилд оролцож ирсэн байна.
Аль Пачино шагнал хүртэх болсондоо талархал илэрхийлж, зохиол болон хамтран ажилласан жүжигчид нь амьдралынх нь хамгийн их баяр баясгалангийн нэг байсныг дурджээ.

