Өмнөд Солонгосын BTS хамтлагийн гишүүн Жонгүг (Jungkook)-ийн хувийн “TikTok” хаяг дахь долоон бичлэг тус бүр 100 саяас давсан үзэлттэй болж, түүний олон улсын хэмжээнд хүрсэн нэр хүндийг дахин баталлаа. К-попын энтертайнмент хэвлэлүүд энэ тухай аравдугаар сарын 18-нд мэдээлжээ.
Түүний хамгийн олон үзэлттэй бичлэг нь Америкийн дуучин Usher-тай хамтран хийсэн бүжгийн бичлэг бөгөөд одоогоор 210 сая үзэлттэй байна. Харин “Fashion” дууны бүжгийн бичлэг 160 сая, “Smoke” бүжгийн сорил болон цамцгүй бүжиглэж буй бичлэг тус бүр 130 сая үзэлт авчээ.
Мөн Жонгүгийн бие даасан уран бүтээлийн анхны сингл болох “Seven” дууны бүжгийн хоёр бичлэг тус бүр 100 саяас давсан үзэлттэй болсон байна. Үүнээс гадна “Standing Next to You” дууны бичлэг мөн 100 сая үзэлтийн босгыг давснаар нийт долоон бичлэг ийм амжилтад хүрчээ.
Түүний “TikTok” дахь нөлөө зөвхөн бичлэгийн үзэлтээр хязгаарлагдахгүй байна. “#jungkook” хаштаг 421 тэрбум гаруй үзэлт цуглуулж, платформын түүхэн дэх хамгийн их үзэлттэй алдартнуудын хаштаг жагсаалтын тавдугаарт бичигджээ. Харин эрэгтэй уран бүтээлчдийн хаштаг дундаа нэгдүгээр байрт орсон байна.
Түүнчлэн Жонгүгийн хувийн “TikTok” хаяг 34.79 сая гаруй дагагчтай болж, түүний уран бүтээл болон бүжгийн бичлэгүүд дэлхийн өнцөг булан бүрийн үзэгчдийн анхаарлыг татсаар байгааг харуулжээ.

