Холливудын нэрт жүжигчин Николас Кэйж болон Испанийн жүжигчин Антонио Бандерас нар HBO-гийн алдарт “True Detective” гэмт хэрэг, мөрдлөгийн цувралын тавдугаар бүлгийн гол дүрүүдээр сонгогджээ. HBO 2026 оны аравдугаар сарын 16-нд жүжигчдийн бүрэлдэхүүнийг албан ёсоор зарласан байна.
Николас Кэйж шинэ бүлэгт Хенри Логан хэмээх дүрийг бүтээх бол Антонио Бандерас Раи Гарсиагийн дүрд тоглоно. Одоогоор тэдний дүрүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байгаа ч шинэ бүлгийн үйл явдал АНУ-ын Нью-Йорк хотын Жамайка-Бэй орчимд өрнөх ажээ. Зураг авалтыг 2027 онд эхлүүлэхээр төлөвлөсөн байна.
Цувралын дөрөвдүгээр бүлэг болох “True Detective: Night Country”-г хариуцан ажилласан Исса Лопез тавдугаар бүлэгт мөн эргэн ирж, шоураннер, зохиолч, найруулагч болон гүйцэтгэх продюсероор ажиллах юм. Мөн зохиолч Даниэл Зелман гүйцэтгэх продюсерын багт нэгдэхээр болжээ.
“True Detective” нь улирал бүрдээ шинэ мөрдөгчид, өөр өөр гэмт хэргийн түүхийг өгүүлдгээрээ онцлог антологи цуврал юм. 2014 онд нээлтээ хийсэн эхний бүлэгт Мэттью Макконахи, Вуди Харрелсон нар гол дүр бүтээсэн бол дараагийн бүлгүүдэд Колин Фаррелл, Рэйчел Макадамс, Махершала Али, Жоди Фостер зэрэг жүжигчид тоглож байв.
Тус цувралын дөрөвдүгээр бүлэгт Жоди Фостер, Кали Рейс нар гол дүр бүтээсэн бөгөөд Аляскийн Эннис хэмээх зохиомол хотод өрнөх нууцлаг хэргийн мөрдөн шалгалтыг харуулсан юм. Харин шинэ бүлэг Нью-Йоркт өрнөх шинэ хэрэгт төвлөрөх хэдий ч өмнөх бүлэгтэйгээ нэг ертөнцөд холбогдох ажээ.
Одоогоор “True Detective” цувралын тавдугаар бүлгийн нээлтийн товыг зарлаагүй байна.

