Домогт реппер Snoop Dogg Японы “Ryu Ga Gotoku Studio”-гийн шинээр бүтээж буй “Stranger Than Heaven” видео тоглоомд Орфей хэмээх худалдаачны дүрээр тоглохоор болжээ. Тэрбээр гол дүр Макото Дайтогийн амьдралд чухал нөлөө үзүүлэх нэгэн болж гарах юм.
“SEGA” компанийн аравдугаар сарын 16-нд танилцуулсан шинэ трейлерт 1915 оны Японы Кокура хотод өрнөх түүхийг харуулжээ. Америкт гадуурхалт, хавчлагад өртсөн залуу Макото Дайто Япон руу явахын тулд Орфейгийн хөлөг онгоцонд нууцаар сууж, улмаар Ю Шинжо хэмээх залуутай танилцдаг байна.
Орфейг эхэндээ хоёр залуугийн амийг хөнөөхийг завдаж буй мэтээр дүрсэлдэг ч түүнд өөр зорилго бий. Түүний Макото болон Ю нартай дахин уулзах болсон шалтгаан нь тоглоомын үйл явдлын нэгэн чухал хэсэг болох ажээ.
“Stranger Than Heaven” тоглоомын үйл явдал 1915-1965 оны хоорондох таван өөр цаг үе, Японы таван хотод өрнөнө. Гол дүр Макото Дайто амьдралынхаа туршид янз бүрийн хүмүүстэй учирч, хүнд сорилтуудыг даван туулахын зэрэгцээ өөрийн замыг бүтээх түүхийг өгүүлнэ.
Тоглоомд Snoop Dogg Орфейн дүрээр оролцохоос гадна тус тоглоомын гол дууг Японы дуучин Адо, Тори Келли болон “Official HIGE DANdism” хамтлагийн дуучин Сатоши Фүжихара нартай хамтран дуулжээ.
“SEGA”-гийн мэдээлснээр “Stranger Than Heaven” тоглоомыг 2027 оны нэгдүгээр сарын 15-нд “Xbox Series X|S”, “Xbox Game Pass”, PC болон “PlayStation 5” платформуудад худалдаанд гаргахаар төлөвлөжээ.

