1987 оны алдарт романтик драм “Dirty Dancing” киноны үргэлжлэл талийгаач жүжигчин Патрик Суэйзийн дурсгалыг хүндэтгэх боловч түүний дүрийг хиймэл оюун ухаан (AI) ашиглан дахин бүтээхгүй гэдгийг продюсер Нина Жейкобсон мэдэгджээ.
Тэрбээр аравдугаар сарын 17-нд болсон “IndieWire”-ийн “Future of Filmmaking 2026” дээд хэмжээний уулзалтын үеэр шинэ кинонд Суэйзийн оролцоог хэрхэн хүндэтгэлтэйгээр илэрхийлэх талаар ярьсан байна.
“Кинонд түүнийг үгүйлэн дурсах боломжийг үзэгчдэд хэрхэн олгох вэ гэдэгт анхаарах хэрэгтэй. Гэхдээ санаа зоволтгүй, бид түүнийг хиймэл оюун ухаанаар эргүүлэн авчрахгүй” хэмээн Жейкобсон хэлжээ.
Анхны кинонд Патрик Суэйз бүжгийн багш Жонни Касл, Женнифер Грей Фрэнсис “Бэйби” Хаусмэний дүрийг бүтээсэн юм. Суэйз 2009 онд нойр булчирхайн хорт хавдрын улмаас 57 насандаа таалал төгссөн билээ.
Харин үргэлжлэл кинонд Женнифер Грей Бэйбигийн дүрдээ эргэн тоглохоор болсон бөгөөд шинэ залуу жүжигчид түүнтэй хамт дүр бүтээнэ. Киноны зохиолыг “Dying for Sex” бүтээлээр танигдсан Ким Розенсток бичиж байгаа бол Нина Жейкобсон, Брэд Симпсон нар продюсероор ажиллаж байна.
Продюсерын хэлснээр, шинэ киноны баг анхны бүтээлийн үзэгчдэд төрүүлсэн сэтгэл хөдлөл, хайр дурлалын мэдрэмжийг дахин бий болгохыг зорьж байгаа ч өмнөх түүхийг шууд давтахгүй. Харин шинэ үеийн үзэгчдэд хүрэх, өөрийн гэсэн өнгө төрхтэй хайрын түүхийг бүтээхийг хүсэж байгаа аж.
Киноны үйл явдлын дэлгэрэнгүй мэдээлэл болон нээлтийн тов одоогоор зарлагдаагүй байна.

