“Алтан гадас” одонт Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид 90 хоногийн турш шилдэг уран бүтээлээ бүх насны үзэгчдэд үнэ төлбөргүй толилуулах “Нээлттэй тайз” хөтөлбөрийг өнгөрсөн сард эхлүүлсэн. Хөтөлбөрийн хүрээнд олон нийт болон зорилтот бүлгийн 10 мянга гаруй хүнд уран бүтээлээ хүргэхээр зорьж байна.
Хил хамгаалах байгууллагын 93 жилийн ойгоор хилийн цэргийн 0198 дугаар ангид тусгай тоглолтоо толилуулсан бол ахмадын баяраар “Ахмад үедээ өргөх хүндэтгэлийн аялгуу” шилдэг бүтээлийн концертоо тавьжээ. Харин энэ сарын 14-16-ны өдрүүдэд бага насны хүүхдүүдэд зориулан “Миний найз араатан” жүжгийг нээлттэй тоглосон байна.
Түүнчлэн энэ сарын 28-30-ны өдрүүдэд өсвөр насныханд зориулан “Хэлж зүрхлээгүй үгс” драмын жүжиг тавихаар бэлтгэж байгаа бол ирэх сарын сүүлээр “Нүдтэй наран тамга” хөгжимт драмын жүжгийг нээлттэй тоглоно. Мөн сонгодог хөгжмийн тоглолтыг захиалгат хуваарийн дагуу тоглож байна.


