Америкийн дуучин Майли Сайрус Лос-Анжелес хотын “Hollywood Bowl”-д болсон тоглолтынхоо дараа гарсан шүүмжлэлд хариу барьж, хоёр дахь тоглолтоо хийхгүйгээр тайзнаас буцах талаар хүртэл бодож байснаа ярьжээ.
Тэрбээр дөрвөн жилийн дараа анх удаа томоохон тайзнаа эргэн гарч, аравдугаар сарын 16-нд “Hollywood Bowl”-д тоглосон юм. Гэвч тоглолтын үеэр “Party in the U.S.A.”, “Flowers” зэрэг хит дуунуудаа дуулахдаа дууны мөр бүрийг бүрэн дуулаагүй гэх шүүмжлэл цахим орчинд гарсан байна.
Аравдугаар сарын 18-нд болсон хоёр дахь тоглолтынхоо үеэр Сайрус энэ талаар үзэгчдэд хандан байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Би ямар нэг зүйлд сэтгэл зүрхээ зориулдаггүй гэж өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй” хэмээн хэлээд, тоглолтынх нь талаар зөвхөн цахим хандалт татах зорилгоор шүүмжилсэн бичлэг хийсэн хүнд хариу барьсан байна.
Мөн “Bass Persuades” дуугаа дуулж байхдаа “Өө, би дууны мөр бүрийг заавал дуулах ёстойгоо мартчихаж!” хэмээн ёжтой хэлжээ.
Дуучин тайзан дээр гарах нь өмнөх шигээ өөрт нь аяндаа, амархан мэдрэгддэггүй болсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч “Hollywood Bowl”-д болсон хоёр тоглолт нь өөрийнх нь хувьд энгийн нэг туршилт байгаагүйг онцолсон байна.
“Hollywood Bowl” дахь тоглолтууд нь Сайрус дөрвөн жилийн завсарлагааны дараа томоохон тайзнаа эргэн ирсэн онцгой үйл явдал байв. Тэрбээр эхний тоглолтынхоо үеэр мөн талийгаач загалмайлсан эх, кантри хөгжмийн домогт дуучин Долли Партонд хүндэтгэл үзүүлж, түүний “Jolene” дууг дуулсан юм.

