Боловсролын сайд өнөөдөр дуу хөгжмийн хичээлээр дамжуулж хүүхдүүдэд зөөлөн ур чадвар олгоно гэжээ. Яагаад зөөлөн гэдэг үг хаа сайгүй хэрэглээд байгааг анхаар.
Их Британи улсын чадварлаг найруулагч Зина Густхардтай хамтарч энэ төслийг хэрэгжүүлнэ гэлээ. Энэ хүн чадварлаг хүн байх аа.
Гэхдээ бид өөрсдөө нөөцгүй, үндэсний урлаг соёлын ойлголтгүй, өв соёлгүй үндэстэн биш шүү.
Монгол ардын уртын дуу гэх аугаа өв соёлын тухай ойлголт ч байхгүй төгсөж байна. Монголынхоо өвийг эхлээд заахгүй юм уу.
Агуу М.Дугаржав, Ж.Дорждагва, тэдний багш нар болоод тэдний шавь нар, Н.Норовбанзад, Ч.Шархүүхэн, С.Сүглэгмаа, Б.Лхамжав, тэдний шавь нар А.Нэргүй, С.Нансалмаа, З.Тэрбиш, Гэрэлтогтох, Чулуунцэцэг, Батмэнд, бүр ядарвал би хүртэл байна шүү дээ.
Агуу Мөрдорж, Шарав, Чулуун гуайн ирээдүй хойч үедээ өвлүүлж үлдээсэн өчнөөн өв байна. Судлах симфони, дуурь, балет гээд судлаагүй, судалдаггүй, хүүхдүүд маань мэддэггүй агуу агуу зүйлс бидэнд их байгаа шүү дээ.
Д.Пүрэвдорж “Улаанбаатарын үдэш”, Шаравын “Сэрсэн тал”, “Гэгээн алсад одох юмсан”, симфони 1, 2, Б. Дамдинсүрэн гуайн “Учиртай гурван толгой”, “Хэнтийн өндөр ууланд”, С. Гончигсумлаа гуайн “Ганхуяг” нэрт Монголын анхны балет, Ж. Чулуун гуайн “Уран хас” балет, Н. Жанцанноров, Ц. Нацагдорж гээд суут хүмүүсийн бүтээлийг хүүхдүүд маань мэдэх үү? “Учиртай гурван толгой”-г хэдэн хүүхэд үзсэн бэ? Эхлээд Монголынхоо түүх соёлыг ойлгож, судалж үзэж, үүний дараа болвол яасан юм бэ.
Гадаад дэлхий хэнд ч, хэзээ ч нээлттэй л байгаа. Харин дотоод маань бараг хаалттай байгаад байгаа нь ямар бодлого юм бол.
Зөвлөх үйлчилгээ гээд өчнөөн мөнгө гадаадын компанид төлөөд тэгээд хэдэн хуудас цаастай үлддэг шиг, энэ хүн зүгээр л үнэ төлбөргүй Монголын хүүхдүүдийн сайн сайхны төлөө хийнэ гэдэгт хэн ч итгэхгүй.
Монголын дуу хөгжмийн багш нарт энэ хүнээр хичээл заалгаж мастер сургалт орно гэжээ. Уг нь манай дуу хөгжмийн багш нар, авъяас мэдлэг нь тийм муу биш шүү дээ.

