Хүүхэд багачуудын ном унших сонирхлыг нэмэгдүүлэх, мэдлэг боловсролоо дээшлүүлэх таатай орчин бүрдүүлэх зорилготой “Шилэн номын сан” Завхан аймгийн Улиастай сумын ерөнхий боловсролын Чандмань-Эрдэнэ сургуульд нээгджээ.
Номын санг “Хайр түгээх RAV4” нийгмийн хариуцлагын аяны хүрээнд “Мөнххада” ХХК болон “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага хамтран тохижуулсан байна.
Ингэснээр сурагчид тав тухтай орчинд ном унших, бие даан суралцах, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх боломж бүрджээ. “Хайр түгээх RAV4” аян 2024 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд “Мөнххада” ХХК авто машины борлуулалтын орлогын тодорхой хэсгийг нийгмийн хариуцлагын төсөл, хүүхдийн хөгжилд чиглэсэн санаачилгуудад зарцуулдгаараа онцлог юм.

Аяны хүрээнд 2025 оноос “Шилэн номын сан” төслийг хэрэгжүүлж, ерөнхий боловсролын сургуулиудын номын сангийн хүртээмж, орчныг сайжруулахад анхаарч байна. “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын мэдээлснээр, төслийн өмнөх үе шатанд 2025 оны 1-9 дүгээр сарын хооронд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын ерөнхий боловсролын найман сургуулийг хамруулжээ.
Чандмань-Эрдэнэ сургуулийн 1500 гаруй сурагч тус номын сангаар үйлчлүүлэх боломжтой болсон бөгөөд номын сангийн идэвхтэн сурагчид өглөө бүр нийтийн уншлага зохион байгуулж, уншсан номынхоо тэмдэглэлийг хөтлөн, хоорондоо ярилцдаг болсон талаар сургуулийн захиргаанаас мэдээллээ. “Шилэн номын сан” төсөл нь хүүхдийн ном унших дадлыг төлөвшүүлэх, суралцах идэвх, оролцоог нэмэгдүүлэх, мэдлэгийн хүрээг тэлэхэд чиглэж байна.
Төслийг санаачлан хэрэгжүүлсэн “Мөнххада” ХХК болон “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагад сургуулийн хамт олон, суралцагчдынхаа өмнөөс талархал илэрхийллээ.

