Булган аймгийн Орон нутаг судлах музейд нүүдэлчин монголчуудын ахуй соёл, уламжлалт зан заншил, түүх, соёлын өвийг таниулах “Өвлөн уламжлах ахуй” үзэсгэлэнг арваннэгдүгээр сарын 5-ныг хүртэл дэлгэжээ.
Үзэсгэлэнгээр нүүдэлчдийн өдөр тутмын амьдрал, ахуй соёл, уламжлалт зан заншлыг илтгэх ховор нандин эд өлгийн зүйлсийг дэлгэн үзүүлж, үндэсний өв соёлоо танин мэдэх, бахархах, хойч үедээ өвлүүлэн үлдээхийг зорьжээ.
Үзэсгэлэнд нүүдэлчдийн уламжлалт аж ахуй, гар урлалын бүтээлүүдийг дэлгэжээ. Тухайлбал, морины тоног хэрэгсэл болох ногт, хазаар, чөдөр, арьс ширэн эдлэл, монгол гэрийн оосор бүч, модон сийлбэр, хөхүүр, бүлүүр зэрэг нүүдлийн ахуйн хэрэглэл болон үндэсний хувцас, дээлийн эмжээр, мөнгөн гоёл чимэглэл, эмээл хазаарын хамт төрөлжүүлэн тавьжээ.
Үзэсгэлэнгийн онцлох үзмэрийн нэг нь НТӨ VII зуунд хамаарах, 2500 гаруй жилийн түүхтэй хүрэл хутганууд юм. Бөгтөр мөртэй, ээтэн болон шулуун үзүүртэй зэрэг хэлбэрийн ялгаатай эдгээр олдвор нь эртний нүүдэлчдийн нийгэм, ахуйн түүхийг гэрчлэх ховор дурсгалд тооцогддог. Мөн Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Чин ван М.Ханддоржийн хэрэглэж байсан ховор эд зүйлс, хүний чөмөгний ясаар хийсэн “ганлин” бүрээ зэрэг шашны зан үйлд хэрэглэдэг эд өлгийн зүйлсийг дэлгэн үзүүлжээ.
Үзэсгэлэнгийн хосгүй үнэт үзмэрээр 19-20 дугаар зууны заагт нэрт уран барималч, сийлбэрч Данзаны урласан “Диваажингийн сүм”-ийн анхны модон загварыг дэлгэн үзүүлжээ. Уг загвар нь 1876 онд Вангийн хүрээнд барьж байсан сүрлэг сүмийн ерөнхий бүтцийг харуулдаг бөгөөд багана, хана, дээврийн ваар, угалз хээг нэг бүрчлэн нарийн сийлж, ямар ч хадаасгүйгээр уламжлалт углуурга, оньсны аргаар бүтээснээрээ онцлог юм. Энэхүү бүтээл нь монгол сийлбэрчдийн ур чадвар, уран нарийн хийцийг өнөө үед гэрчлэх түүх, соёлын үнэт дурсгал болжээ.
Булган аймгийн Орон нутаг судлах музей үзмэрүүдээ QR кодоор бүрэн тоноглож, ЕБС-ийн сурагчид, хүүхэд залуус виртуал тайлбар авч, өв соёлтойгоо сонирхолтой хэлбэрээр танилцах боломж бүрдүүлжээ. Мөн сурагчдын дунд “Соёлын биет өвийг таниулах явган аялал” өртөөчилсөн тэмцээн зохион байгуулж, иргэдэд монгол гэрийн тооно туших, жирмэн сүлжих, уяа зангилаа хийх уламжлалт арга ухааныг заах дадлага сургалтыг тогтмол явуулж байна.
Тус музейгээс үндэсний өв соёл, түүхэн уламжлалаа танин мэдэж, нүүдэлчин монголчуудын үнэт өвтэй танилцахыг иргэд, олон нийтэд уриалж байна.
Булган аймгийн Орон нутаг судлах музейн сан хөмрөгт түүх, соёлын 5100 гаруй үзмэр хадгалагддаг бөгөөд үүнээс 900-1300 орчим шилдэг үзмэрийг үзэгчдэд дэлгэн толилуулж байна. Музей нь байгаль, ан амьтан, түүх, аж ахуй, угсаатны зүй, шашин, түр үзэсгэлэнгийн гэсэн зургаан танхимтай.
Тус музейн үзмэрүүд нь монголчуудын уламжлалт ахуй, амьдралын хэв маяг, зан заншлыг хойч үед таниулахын зэрэгцээ түүх, соёлын өвийг хадгалан хамгаалж, олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.


