Поп дуучин Чарли XCX Холливудын нэрт найруулагч Мартин Скорсезегийн шинэ уран сайхны кино болох “What Happens at Night”-д дүр бүтээхээр болжээ. Тэрбээр уг кинонд Леонардо ДиКаприо, Женнифер Лоуренс нарын хамт тоглох бөгөөд богино хэмжээний тусгай дүр буюу камео бүтээх аж.
“Variety” сэтгүүлийн мэдээлснээр, готик уур амьсгалтай, сэтгэлзүйн аймшгийн төрөлд хамаарах уг киноны Чарли XCX-ийн дүрийн талаар одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Киноны жүжигчдийн бүрэлдэхүүнд мөн Мадс Миккелсен, Патриша Кларксон, Жаред Харрис нар багтжээ.
“What Happens at Night” кино нь зохиолч Питер Камероны 2020 онд хэвлүүлсэн ижил нэртэй романаас сэдэвлэсэн бүтээл юм. Үйл явдал нь хүүхэд үрчилж авахаар Европын цастай, жижиг хотыг зорьсон Америкийн эхнэр нөхрийн тухай өгүүлнэ. Гэвч тэдний аялал хачирхалтай, нууцлаг үйл явдлуудаар өрнөхийн хэрээр хосууд өөрсдийнхөө тухай болон бие биенийхээ талаар мэддэг зүйлдээ эргэлзэж эхэлдэг байна. Киноны зохиолыг Патрик Марбер бичиж, Мартин Скорсезе найруулж байгаа юм.
Энэ кино нь Чарли XCX-ийн сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжүүлж буй жүжигчний карьерынх нь бас нэгэн шинэ алхам болж байна. Тэрээр хөгжмийн салбарт амжилт гаргахаас гадна кино урлагт хүч үзэж, “The Moment” зэрэг бүтээлүүдэд оролцсон. Мөн түүний шинэ цомог “Music, Fashion, Film” нь хөгжим, загвар, кино урлагийн огтлолцлыг онцолсон бүтээл болжээ.
Харин Мартин Скорсезегийн хувьд “What Happens at Night” нь 2023 оны “Killers of the Flower Moon” киноноос хойших шинэ уран сайхны бүтээл нь юм. Тэрбээр Леонардо ДиКаприотой олон жилийн турш хамтран ажиллаж ирсэн бөгөөд энэ удаа Женнифер Лоуренстэй хамтран бүтээж буй кино нь үзэгчдийн анхаарлыг хэдийнэ татаж эхэлжээ.

