Улсын эмнэлгүүдийн хүлээлгийн өрөө тохижуулах “Итгэлийн танхим” төсөл хэрэгжүүлсэн жүжигчин Г.Ундармаа уран бүтээлдээ оржээ. Тэрбээр “U Film” студийн хоёр дахь кино “Тютю”-гээ тун удахгүй нээх гэж байна.
Тютю гэдэг нь балетийн бүжгийн үеэр өмсдөг дэрвэгэр хормой юм. Хормой нь унжсан дан давхаргатай эсвэл дэрвийсэн олон давхаргатай байдаг. 1800-аад оны дунд үед хонх хэлбэртэй романтик даашинз илүү түгээмэл байсан бол 19-р зууны эцэст тютю олны хүртээл болжээ. Мэргэжлийн шүүгч нар, балетчидын техник чадвар, хөлний хөдөлгөөнийг ажиглах шаардлагатай болсноор тютю үүссэн гэдэг. Шинэ загварын өвдгөөр татсан 16 давхаргатай урт тютю нь “Хунт нуур”, “Нойрсож буй гүнж”, “Жизель” зэрэг маш өндөр техник шаардсан бүжгүүдийг гүйцэтгэхэд эмэгтэй балетчидад илүү уян хатан байх боломжийг олгодог байна.
“Тютю” киноны гол дүр Алимаагийн дүрийг ОХУ-ын Театр урлагийн академи буюу ГИТИС-ийн жүжигчний ангийн 2-р курсийн оюутан М.Цэрэндолгор бүтээжээ. Найз нөхөд нь Цэдо хэмээн дотночлон дууддаг түүнийг ирээдүйн Монголын кино урлагт цахиур хагалах нэгэн хэмээн хамтран тоглосон уран бүтээлчид нь үнэлсэн юм.
Кинонд сайхан бүсгүйн дүр гарвал түүний партнер буюу хосын дүр зайлшгүй гарах хэрэгтэй. Түүний дурлалт хархүүгийн дүрд залуу жүжигчин Л.Гантулга тогложээ. Сайхан залуу, сайхан бүсгүй 2 хослон их л зохимжтой харагдаж байна лээ.
Уг кинонд Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан болон О.Гэрэлсүх, Г.Золбоот, Амбий буюу Ц.Батхуяг, Д.Бямбацогт нар тоглосон нь залуу жүжигчдэд илүү ихийг зааж сургасан гэнэ. Мөн Д.Ариунцэцэг, Ц.Алдармаа, мэргэжлийн балетчин үзэсгэлэнт бүсгүйчүүд тоглосон бөгөөд хэний дүрийг хэрхэн амьдруулав гэдгийг киноноос харах л үлдлээ.
Киноны хөгжмийг Никитоны Баачка бичиж, хувцас загварыг Ариунаа Сүри зохиож, дууны найруулагчаар Томоо ажилласан гэхээр өөр өөрийн мэргэжилдээ акулуудын бүтээсэн“Тютю”-г хоног тоолон хүлээх үлдлээ.
Дашрамд дуулгахад киноны зураг авалтыг Black Zebra студи гүйцэтгэж, продюсерээр “Үргээлэг”, “Давхар цохилт” киноны продюсерээр ажилласан Prime pictures ажиллаж байгаа юм байна.
www.URLAG.mn