Шагналын 20 сая төгрөгөөрөө дөрвөн өнчин хүүхдэд хашаа, башин авч өгчээ
Жил бүр дэлхийн хамгийн авьяаслаг, үзэсгэлэнтэй, зорилготой бүсгүйг шалгаруулдаг “Miss World-2018” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох Э.Энхриймаа өнөөдөр хэвлэл мэдээллийн салбарынхантай уулзлаа. Тэрбээр Улаанбаатар хотноо Пума Империал зочид буудлын Royal танхимд болсон хэвлэлийн хурлын үеэр гоо үзэсгэлэнгийн эл тэмцээний тухай, уг тэмцээний энэ жилийн онцлог, хүмүүнлэгийн чиглэлээр явуулж буй ажил, олон улсад нэр хүндтэй уг арга хэмжээний үеэр дэлхийд хүргэх "зурвасынхаа" талаар дэлгэрэнгүй мэдээллээ.
Хэвлэлийн бага хуралд Э.Энхриймааг дэмжиж, түүнтэй хамтран ажиллаж буй “Asian future” компанийн гүйцэтгэх захирал Ц.Соёл-Эрдэнэ, Монголын эмэгтэйчүүдийн “Хатан-Эрдэнэ” холбооны ерөнхийлөгч Д.Энхсайхан, Эрдэнэт хот, Орхон аймгийн нутгийн зөвлөлийн дарга Б.Лхагвасүрэн, хэвлэлийн төлөөлөгч Б.Бурмаа нар өөр өөрсдийн чиглэлээр мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултанд хариулсан юм.
Түүний хувьд энэ онд зохиогдсон “Miss World Mongolia” тэмцээний үндэсний 14 дахь ялагчаар шалгарсныг уншигчид мэдэж буй байх. Одоогоор 21 настай, Эрдэнэт хотын уугуул, орос 14-р сургуулийг дүүргэж Санхүү, эдийн засгийн их сургуулийн Олон улсын нягтлан бодогчийн ангийг энэ жил төгсөх гэж байгаа оюутан бүсгүй аж. Багаасаа тооны хичээлд шимтэн дурлаж, математикийн удаа дараагийн олимпиадад амжилттай оролцож ирсэн, урлаг, спортын тал бүрийн авъяастай түүний хувьд урьд өмнө нь гоо сайхан, загварын тэмцээн, уралдаанд оролцож байгаагүйгээрээ онцлог гэж хэлж болно. Тэрбээр “Монголын сайхан бүсгүй-2018” гоо сайхны 14-р наадмаас хүртсэн шагналынхаа 20 сая төгрөгөөр дөрвөн өнчин хүүхдэд хашаа, байшин худалдан авч өгч, орон гэртэй болгожээ.
Э.Энхриймаа "Дэлхийн гоо үзэсгэлэнгийн талбарт монгол эхчүүд, эмэгтэйчүүдээ төлөөлөн өрсөлдөхдөө ээж бүр үр хүүхдээ зөв, сайхан хүмүүжүүлж, эерэг хандлага төлөвшүүлснээр эх дэлхийн маань олон асуудал, бэрхшээл цаад утгаараа шийдэгдэнэ" гэсэн санааг илэрхийлж “Сайн ээж – сайхан дэлхий” уриалгыг дэвшүүлэх юм. Энэ уриалгадаа зориулж монгол ээжүүдийн үр хүүхдээ сурган хүмүүжүүлж ирсэн шилдэг зөвлөгөөнөөс бүрдсэн “Хатан ухаант ээжүүдийн сургааль” цуврал номыг санаачлан бүтээж хэвлүүлэн, олон нийтэд үнэгүй тараажээ. Номын эхний цувралд 100 ээжийн шилдэг зөвлөгөө багтсан бөгөөд цаашид 1000 ээжийн сургааль болгон өргөжүүлж улмаар дэлхийн ээжүүдийн сургаалиас бүтсэн ном гаргахаар төлөвлөөд буй аж.
Хэвлэлийн бага хурлын үеэр Э.Энхриймаа “14 дэх удаагийн үндэсний ялагч болж, эх орноо төлөөлөн дэлхийн тэмцээнд оролцох нь миний хувьд нэг талаар үнэхээр аз жаргалтай үйл явдал, нөгөө талаар асар их үүрэг, хариуцлага. Монголчуудынхаа итгэл, сэтгэлийг тээж явахын тулд “Miss World” тэмцээний долоон шалгуур болох хүмүүнлэг, спорт, авьяас зэрэг бүхий л төрлөөр нарийн хуваарийн дагуу бүх хүчээ дайчлан бэлтгэл хийж байна” гэсэн юм.
Уг оролцогчийн хувьд хүмүүнлэгийн чиглэлээр явуулж буй ажлынхаа хүрээнд Монгол Улсад улсад нэн тулгамдаад байгаа эрүүл мэндийн асуудлыг хөндөж “СҮРЬЕЭГҮЙ МОНГОЛ (END TB)” төслийг санаачлан эхлүүлсэн байна. Манай оронд сүрьеэгийн өвчлөлийн 65 хувийг 15-44 насныхан эзэлж, жил бүр 4000 хүн сүрьеэгээр өвчилж, 200 гаруй хүн нас барж байгаа зэрэг сэтгэл эмзэглэм олон баримт Э.Энхриймааг хүмүүнлэгийн ажлын энэ сэдвийг сонгоход хүргэжээ. Иймээс тэр сүрьеэтэй хүмүүст туслах, иргэдийг энэ өвчний талаар мэдлэгтэй болгох замаар урьдчилан сэргийлүүлж сургах чиглэлээр хүмүүнлэгийн олон ажил эхлүүлснээ дуулгасан.
Э.Энхриймаа удахгүй Монголын сайхан бүсгүйчүүдээ төлөөлж “Дэлхийн мисс-2018” тэмцээнд гоо үзэсгэлэн, авьяас билэг, авхаалж хүч, оюун ухаанаа сорихоор БНХАУ-ын Санья (Sanya) хотыг зорих гэж гэж байна.
Манай редакци болон нийт уншигчдынхаа өмнөөс авъяаслаг, гоо үзэсглэнт бүсгүй Э.Энхриймаа танд өндөр амжилт хүсэж байна.