1. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хамгийн их бохирдолтой голыг нэрлэхэд нийслэлийн минь ундны ус болсон ариун ТУУЛ айрагт багтжээ. Арай л харамсмаар мэдээ. Нийслэлийн агаарын бохирдлын тухай бол яриад ч хэрэггүй. Үүнийг чухамдаа жирэмсэн эхчүүдэд шаардлагатай шинэ төрлийн түм буман амин дэмүүд бэлхнээ нотолно. Их хотын булан тохой бүрт мэндэлж буй тархины даралттай зуу зуун хүүхэд бас батална. Энэ бол бохирдлын хамгийн наад захын тод жишээ.
Цаашлаад Монгол орны уудам тал нутагт уул тал, ургаа хад гээд бохирдоогүй зүйл бараг л үлдсэнгүй. Бүр хүний сэтгэл зүрх, ухаан санааг хүртэл энэ бохирдол орхисонгүй. Уг нь энэ бүх бохирдлын дундаас хүний оюун ухаан, тэр дундаа “их зохиолчдын” үйл хэрэг тэсч үлдмээр л юм. Даанч тэдэнд үнэхээр дархлаа байгаагүй ажээ. Хамгийн эхэнд тэд улстөр гэдэг вирусээр халдварласан. Түүнийхээ ач буянаар компаниудын нэрийн өмнөөс босч барилдаг бөхчүүд шиг манай зохиолч, яруу найрагчид энэ цаг үед МАН-ын, АН-ын тэр фракцын шүлэгч хэмээн цоллуулах дөхсөн. Тийм тулдаа төрийн мөнгөөр тойрог худалдаж авсан УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа хүртэл нэгэн цагт шилэн лонхны нэртэй, шилдэг шүлэг шалгаруулах уриатай наадмыг нь нутагтаа аваачиж будилуулж байх билээ. Үүнээс өмнө нь шударга болдог байсан эд ч бас биш л дээ. Гэхдээ л утга зохиолын үйл хэрэг улстөрийн оролцоотой будилна гэдэг бүр ч бохир юм билээ. Бодоод үзэхээр үүнээс сайн арга үнэндээ байгаагүй л юм билээ л дээ, хөөрхийс. Ядахад л Удирдах зөвлөлийн гишүүд нь хүртэл намын Бага хурлын гишүүн гэхээр яаж л Монголын Зохиолчдын эвлэлийн дөрвөн давхар байшинд утга зохиолын “Ариун өргөө” гэдэг нэр зохих билээ. Одоо ч мөн адил утга зохиол дахь улстөржилт хэвээрээ. Харин ч арга саам нь нарийсч, фракцын төвшинд хөгжиж буйг Ардын Намын нарийн бичгийн дарга хэргэмтэй яруу найрагч хүүгийн албан тушаалын төлөө байгуулсан бүлгэм гэрчилж байна. Тус фракцад хувь хүний шүлэгтэй, зохиолтой эсэх нь огт падгүй. Ном судар хэвлүүлсэн эсэх нь бүүр ч хамаагүй. Ганцхан МЗЭ-ийн гишүүн гэсэн хатуу хавтас л босгыг нь давах том хэмжүүр болж хувирав. Ухаандаа зохиолчдынхоо их хуралд бэлтгэж буй царай нь энэ.
Үүнээс харахад манай зохиолчид шүлэг бичиж сурчихаад салбарынхаа бодлогыг тодорхойлохыг бодохын оронд харин ч эсрэгээр нь эргүүлээд энэ дэлхийн нарыг олон өдөр харжээ. Үүний ач буянаар монголын зохиолчдод хоёрхон хэмжүүр бий болов. Тэр нь “таалагдсан”, “эсвэл “таалагдаагүй”…
Яг үнэнийг хэлэхэд өнөө цагийн Монголын утга зохиолын салбарыг удирдагчид энэ хоёрхон үгээр жигүүр хийж 20 жил ниссэн. Таалагдсан нөхөд нь шартаж босчихоод үзэг нь мөр гаргаж байвал юу ч хамаагүй сараачаад шилэн цом тэвэрч гэртээ харьдаг болсон. Хорооныхоо удирдлагуудыг шарталтаас нь хэн олон удаа татан авч, шил лонхыг эцэж цуцахгүй олон зөөсөн нэгэнд Д.Нацагдоржийн толгойтойгоосоо эхлээд тоолж барамгүй олон тэмдэг зүүж өгдөг болсон. Үүний ард үлдэгсэд тэдэнд атаархахдаа улстөрчдөд хандах болсноор УИХ-ын дарга нь хүртэл “Болор цом”-д хэн түрүүлэхийг наадам эхлэхээс өмнө мэдээд байрны түлхүүр халаасандаа хийгээд очдог болсон. Баригдчих вий гэж бантахын зэрэгцээ зурагтаар удаан гарах гэсэн төлөвлөгөөндөө дийлдээд чанга яригчийн ард чалчаад тайзнаас буухаа байчихсан. Нөхцөл байдал нэгэнт ийм байхад МЗЭ-ийн өнөө цагийн удирдлагууд цаашдаа ч улстөрчдийг тойрч улам хурдан нисэх мөрөөдөлтэйгөө л байна.
2. Ангийн дарга болох хүсэлтэй хүүхдийн тоо бага насны хүүхдүүдийн дунд эрс өсч гэнэ. Үүнийг багш нар “Хүүхдийн оролцоо сайжирч байна” гэсэн дүгнэлт өгчихөөд сууж байналээ. Үнэндээ бид албан тушаалын төлөөх дайны цагт амьдарч байна. Үүнийг Монголын Зохиолчдын эвлэлийн удирдах зөвлөлийн дарга Х.Чилаажав гэдэг хүний учир нь олдохгүй олон хэргэм сэдэр гэрчилнэ. МЗЭ-ийн удирдах зөвлөлийн дарга, Төв номын сангийн дарга, Монголын хэвлэлийн хүрээлэнгийн удирдах зөвлөлийн гишүүн, МҮОНРТ-ын мөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд багтана гээд цаашлаад юу юу ч билээ. Гэтэл яг үнэндээ Монголын сэтгүүлзүйн салбар энэ хүнээр “юугаа” хийх билээ дээ. Энэ бас л албан тушаалын төлөөх дайны цагийн тод жишээ. Цаашлаад энэ байгууллагын Удирдах зөвлөлөөс олон хүний ийм жишээг шүлэг шиг цувуулаад бичиж болно. Наад зах нь гэхэд МАН-ын Бага хурлын гишүүн, УИХ-ын сонгуульд нэр дэвшиж явсан даргаар нь баримт хийж болно. Ирж буй их хуралдаа фракц байгуулж буй улстөрийн намын албан тушаалтан, хүүдээ шилэн цом тэврүүлэх юмсан гэж цаг ямагт бодож алхдаг Соёлын гавъяатын тухай ч өгүүлж болно. Гэвч утга зохиолын салбарын үйл хэрэг, бодлого чиглэлийг толгой холбосон үгсийн уралдаан хийгээд “таалагдсан”, “таалагдаагүй”нь хэмжүүр гэж ойлгож ирсэн тэдний төгсгөл хаяанд ирчихлээ. Ёстой л Ерөнхийлөгчийн хэлдгээр “Хорхойд идэгдсэн баавгай ичээндээ орох цаг” ирчихсэн байна.
Гэтэл дөрвөн давхар байшингийнхаа түрээсийн үнийг яаж өсгөх, олон хоног цуг байсанд нь олон тэмдэг ноогддог бохирдолтын цаана Монголын утга зохиолын салбар цаашид яах вэ? гэдэг энгийн асуулт хариугаа олоогүй төөрсөөр, үгээ олохгүй нуршсаар л байна.
3. Шинэ Засгийн газар хэдийнэ нэг нас хүрчээ. Энэ үед уул уурхайн таваарын ханш таазнаас шалан дээр асгарсан, голлох валютын ханш мөнгөн тэмдэгтийн ханшийг сулруулсаар байгаа ч эдийн засгийн өсөлт 11 хувьтай гарч гэнэ. Гэтэл сөрөг намынхан нь энэ баримтыг дандаа л хараар ярих юм. Үнэн эсэхийг нь хэн мэдлээ. Ингээд л Монголын их “амар амгалан” дунд шинэ хуучны тэмцэл хаа сайгүй. Монголын утга зохиолыг ч энэ тэмцэл тойрдоггүй. Гэвч энэ завсар нь цагийн зүү хавчуулагдаад гацчихдаггүй. Тийм учраас л цаг хугацаа явсаар байдаг. Гэтэл утга зохиолын салбарын бодлого чиглэл, үзэл суртал нь өнгөрсөн зуун уруугаа улам ухарсаар байдаг нь хамгийн хачин тохиолдол болж байна. Хэлбэр нь л өөр болохоос “Ухаа хонгор морьтой, Улсын жанжин Сүхбаатар” гэдэг үзэл суртал 21-р зуунд ч янзаараа л байна. Харин ийм цаг үед уламжлалаа хадгалж байгаа нь энэ гээд нам унтчихаад сэрэхгүй байгаа утга зохиолын салбарт “Ай даа энэ салбарыг яана даа…” гэж ардын дуу шиг “аялаад” гудамжаар алхаж яваа залуу нас, шинэ цус, эрүүл зүрх, бохирдолгүй ус, хоргүй агаар олон байгаад л баярлах юм. Үнэндээ тэд л энэ байгууллагыг журманд нь оруулж таарна. Үүнийг ч хүн бүр мэдэж байгаа. Гэвч дахиад л шинэ хуучны тэмцэл… Улстөрийн нам хуралдахаар сэргэдэг удирдлагууд нь сандал ширээгээ өгөхгүй гэж үзнэ. Хамаг бохирдлоо хамгаалахын тулд хазахаас бусдыг хийж таарна. Ард нь харин амь тавиад арваад жил болчихсон Монголын утга зохиол аврал эрж, арван хэдтэй хүүхдүүдээс эхлээд бохирдоогүй бие цогцосууд зөвхөн эрүүл саруул оюуны цэцэг тарих тухай л бодно…
Т.ДАРХАН
Эх сурвалж: news.mn