Монголын драмын урлагийн хамгийн отгон гэгдэх “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид энэ сарын 10-нд шинэ улирлын уран бүтээл болох “Гээсэн хайраа аваарай” жүжгийн нээлтээ хийх гэж байна. Уран бүтээлчдийг Тусгаар тогтнолын ордонд жүжгийн бэлтгэл хийж байх үеэр тус театрын жүжигчин, МУСТА Г.Алтаншагайтай ярилцлаа.
Энэ сарын 10-наас шинэхэн уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгох гэж байна. Энэ талаар яриагаа эхлэх үү?
Юуны өмнө Time.mn сайтаар зочилж байгаа эрхэм уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Манай “Мөрөөдлийн театр”-ын намар цагийн нээлтийн тоглолт болох “Гээсэн хайраа аваарай” шоу драм энэ сарын 10-наас өдөр бүр Тусгаар тогтнолын ордонд тоглох гэж байна. Энэхүү уран бүтээлийн маань ерөнхий найруулагчаар СТА, бүжиг дэглээч Г.Ган-Очир ажиллаж байгаа. Өнгөрсөн жил “Амьдрал өөрөө бэлэг” жүжигт бас хамтарч ажиллаж байсан.
Бэлтгэл ажил хэдий хугацаанд үргэлжилсэн бэ?
Бид энэ удаагийн тоглолтдоо их ач холбогдол өгч байгаа. Манайх наймдугаар сарын 1-нээс тоглолтын бэлтгэлдээ орж эхэлсэн. Есдүгээр сарын 10-нд тоглож эхлэх хүртэл үндсэндээ 40 хоногийн бэлтгэл сургалт хийгээд нээхэд бэлэн болно. Жүжигчдийн хувцсыг “Монгол костюмс”-тэй хамтарч бэлтгэсэн. Тайз засал дээр сүүлийн үеийн шоу, энтертайнмент чиглэлээр уран бүтээлээ хийж байгаа зураач Баярмагнай ажиллаж байна. Мөрөөдлийн театрын жүжигчид бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглоно. Нийт 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй тоглолт болно.
Энэ жүжиг өмнөх уран бүтээлүүдээс юугаараа онцлогтой вэ? Жүжгийн нэр сонирхолтой санагдаж байна л даа…
Бид цэвэр жүжиг буюу драмын жүжиг тавьдаггүй. Шоу драмын элементээр уран бүтээлээ туурвидаг. Шоу драмд хошин шогийн элементүүд орж ирдэг. Энтертайнмент урлагийг драмын урлагтай хослуулж байгаагаараа их онцлогтой. Өмнөх тоглолтууд маань өөр өөрсдийн гэсэн өнгө аястай байсан. Энэ удаа бид Оросын зохиолч Глобины Оросод тавигдаж байгаа “Хонгорхон ижий минь” зохиолоос сэдэвлэж нэг бүтэн цагийн жүжиг дээр ажиллаж байна. Нөгөө хоёр нь тус бүр 30 минутын хошин шогийн номер байгаа.
Тоглолтын нэрний хувьд гэвэл мэдээж амьдрал бол хайр дээр тогтдог. Тэр хайраа цэцэглүүлж, усалж, улам гоё сайхан, бат бөхтэй амьдраасай гэсэн мессежийг залуучуудад хүргэхийг зорьсон. Түүнчлэн “Мөрөөдлийн театр”-ын зүгээс залуучууд маань хэзээ ч битгий хайраасаа урваасай, хайраа хэзээ ч битгий гээгээрэй гэсэн санааг агуулж тоглолтынхоо нэрийг өгсөн. Тоглолтын нэртэй уялдуулж реклам бас хийсэн.
Үзэгчид дүрийг их сонирхдог. Та ямар дүрд тоглож байгаа билээ?
Миний хувьд дурлалт залуу, шоронгийн харгалзагчийн дүрд тоглоно.
Шоу драм төрлөө дэлгэрүүлж тайлбарласан нь зүйтэй байх?
Шоу драм гэдэг төрлийг бид Монголд анх гаргаж ирж байгаа юм. Шоу гэдэг бол хамгийн сонирхолтой, содон үзүүлбэрийн нэгдэл юм л даа. Драм гэдэг эхлэл, өрнөл, төгсгөл, тайлалтай байдаг. Тэгэхээр бид шоу хэлбэрээр драмын тоглолт тавих гэж байгаа юм. Цаашид ч манай уран бүтээлүүд энэ жанраар тоглогдоно. Шоу драм чиглэлийг Монголын үзэгчид” Мөрөөдлийн театр”-ын тоглолтыг үзсэнээр ойлгодог болсон. Цаашдаа манай театрын уран бүтээлчид шоу драм гэсэн жанрыг оюуны эрхээр баталгаажуулах бодолтой байгаа. Шоу драм гэсэн жанр хаана ч байдаггүй. Энэ шинэ жанрыг бид бодож олж “Мөрөөдлийн театр”-ын онцлог, нэрийн хуудас болгож, драмын театрын найруулагч Наранбаатар ахтай зөвшилцөж оюуны өмчөөр баталгаажуулья гэсэн дүгнэлтэд хүрсэн л дээ. Цаашдаа энэ жанрыг манай театрынхан өөрсдөө авч явах болно.
Тоглолт маш олон сюрпризтэй гэлээ. Гэнэтийн бэлэгнээсээ задалбал?
Тоглолт үндсэн гурван хэсгээс бүрдэнэ. Мөрөөдлийн театрын хэлж заншсанаар мэдээж шоу драмын жанраар тоглох болно. Гурван үзэгдэлтэй. Гурван үзэгдэл хоорондоо дандаа сюрпризээр холбогдож байгаа. Тоглолтын эхлэл сонирхолтой урьд нь хэзээ ч, аль ч тоглолтод тавигдаж байгаагүй элементүүдийг бодож олсон шоу. Мөн ямар ч тоглолтын үеэр харагдаж байгаагүй сюрпризийг бас бэлдсэн байгаа. Энэ удаагийн тоглолтын тайз, хувцас гээд бүх зүйл дээр дэвшилтэт технологи ашигласан. Гэрэл аппаратур бас сүүлийн үед залуусыг байлдан дагуулж байгаа лазер шоу гээд энэ бүгдийг хослуулсан шоуг хийхээр бэлдэж байгаа. Нэг л сюрпризийг задлахад яг тайзан дээр Монголын уран сайхны кинонуудын төгсгөлийн хэсгийг өөрчилж энэ кино ингэж төгссөн бол гэсэн уран фантаазыг бий болгож аз жаргалтайгаар төгсгөж байгаа.
Тоглолтын дууны хувьд?
Батаа, Эрхэмээ бид гурвын дуулсан дуу байгаа. Тоглолтын нэрээр нэрлэсэн “Гээсэн хайраа аваарай” хэмээх дуугаа тоглолтын нээлтийн өдөр тайзан дээр дуулна. Энэхүү дуугаа тоглолтынхоо дараагаар клипжүүлж үзэгч фенүүддээ хүргэх бодолтой байна. Тоглолтын эхэнд дуулах дууны раймыг Чука бичсэн. Бид бүгд ярилцаж байгаад дахилтаа гаргасан.
Мөрөөдье мөрөөдье мөрөөдье
Мөрөөдөх завгүй мөрөөдөцгөөе
Мөрөөдсөн зүг чинь дөрөөжье
Мөрөөдсөн бүхнээ бүгдийг хий
Мөнгө төлдөг байсан ч мөрөөдье гэсэн раймтай.
-Мөрөөдлийн театрынхан өмнө нь “Миний нууц хүү”, “Хайртай бол эргэж хараарай” драмын жүжиг, “Амьдрал өөрөө бэлэг” шоу драм, “Ээжийн дайсан” кино хийж байсан. Тоглолтын дараа дэлгэцийн шинэ уран бүтээл хийх гэж байгаа гэж сонслоо?
“Гээсэн хайраа аваарай” жүжиг “Мөрөөдлийн театр”ын хувьд тайзны найм дахь бүтээл болж байна. Бидний хамгийн анхны уран бүтээл 2011 онд тоглосон Вампиловын "Ууган хүү" зохиолоос сэдэвлэсэн “Миний нууц хүү жүжиг” байсан. Вампиловын "Ууган хүү" дэлхий даяар маш алдартай бүтээл. Ялангуяа Орос орны бүх гайхамшигтай том театрууд энэ жүжгийг тавьсан байдаг. Энэ жил манай Мөрөөдлийн театрын хоёр жилийн ой тохиож байгаа. Бид ирэх жил гурван жилийн ойгоо илүү их өргөн хүрээнд хийхийг төлөвлөж байна. “Мөрөөдлийн театр”-ын залуучууд өнгөрч буй зун зогсолтгүй ажиллалаа. Зун бид баруун аймгуудаар аялан тоглолтоор явж, хүүхдийн жүжиг хийн, наадмаар Япон руу аялан тоглолтоор яваад ирлээ. Саяхнаас манай Батаагийн тоглосон “Микроны босс” кино гарч эхэлсэн. Тун удахгүй Эрхэмээ бид хоёрын тоглосон “Тагнуулч аав” кино нээлтээ хийх гэж байна. Манай театрын дэлгэцийн анхны уран бүтээл болох “Image” энтертаймент, “Mill” студитэй хамтарч хийсэн “Ээжийн дайсан” киног уншигчид сайн мэдэж байгаа байх. Тэгвэл ирэх зун бид дэлгэцийн хоёр дахь уран бүтээлээ хийхээр одоогоор зохиол дээрээ ажиллаж байгаа. Хараахан нэр өгч амжаагүй л байна даа.
“Мөрөөдлийн театр” бүл нэмсэн байна шүү дээ…
Тийм шүү. Манайх бүл нэмж хориулаа болсон. Жүжигчин, маркетинг санхүүгийн алба, гэрэл, хөгжим шуум гээд нэлээд олон хүнийг шинээр авлаа. Манай театр олон залуу жүжигчинтэй. Бид шинэ уран бүтээл хийх болгондоо шинээр төрсөн хүүхдийг өлгийдөж авч байгаа шиг хүлээж авч баяр баясгаланг мэдэрдэг. Хүмүүст сайхан уран бүтээл хүргэхийн төлөө цаг наргүй л ажиллаж байна даа.
Манайд театрын байр, тайз их хомс шүү дээ. Байр савны асуудал ямар байна. Танайхыг бас яагаад дандаа Тусгаар тогтнолын ордонд тоглолтоо хийдэг юм бол гэж үзэгчид боддог байж магадгүй л дээ?
Театрын байр савны асуудал бол маш хүнд. Манайх анх байгуулагдсан цагаасаа Тусгаар тогтнолын ордны тайзнаа тоглож эхэлсэн. Шинэ театр, шинэ тайз. Тусгаар тогтнолын ордонд хүмүүс анх намын байр, томчууд л суудаг гээд бараг ордоггүй байсан. Тоглолт үзнэ гэсэн ойлголт ч байгаагүй. Энэ ордон 730 хүний суудалтай, Францын хагас акустик буюу театрын статусын хэмжээгээр баригдсан барилга шүү дээ. Манай театрынхан энд тоглолтоо хийж эхэлснээр үзэгчдийг ирүүлж сургасан. Өнөөдөр үзэгчид Тусгаар тогтнолын ордонд тоглолт болно гэхээр энгийнээр хүлээн авч олноор ирдэг болсон байна.
Тайз нь үзэгчдэд ойрхон болохоор уран бүтээлч үзэгчдийн хооронд амьд харилцаа үүсч байдаг юм. Бидний туйлын мөрөөдөл бол “Мөрөөдлийн театр” гэсэн сайхан театрын байшинтай болох. Удахгүй болох байх гэж бодож байна.
Олон нийтийн сүлжээний давуу талыг юу гэж ойлгодог вэ?
Хэдхэн хоногийн өмнөөс манай тоглолтын реклам хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж эхэлсэн. Одоо үед олон нийтийн сүлжээ бол ерөөсөө л уран бүтээлч үзэгч хоёрыг холбож өгч байгаа хамгийн том гүүр болчихоод байна. “Мөрөөдлийн театр”-ын пейж, лайк хуудас байгаа. Мөн манай бүх уран бүтээлчид фэйсбүүк, твиттер хуудастай.
Хүмүүс олон нийтийн сүлжээг хамгийн гол нь зөв ашиглах ёстой. Зөв мэдээ, мэдээллийг тавих хэрэгтэй. Хувийн амбицаар ашиглаж болохгүй. Аливаа шинэ уран бүтээлийг хүмүүст хүргэхэд маркетинг, олон нийтийн сүлжээ нэн чухал байр суурь эзэлж байна. Тийм учраас олон нийтийн сүлжээний орчин уран бүтээлчид өөрсдийгөө танилцуулж, уран бүтээлээ хүргэх 100 хувийн боломж гэж боддог.
Таны анхны дүр, тоглохыг хүсдэг дүр чинь юу вэ?
Миний хувьд 2006 онд СУИС-ийн жүжигчний ангийг төгссөн. Төгсөөд драмын театрт ажиллаж байлаа. Тухайн үедээ Баатар найруулагч “Атга нөж” жүжгийг хийж байсан. Хамгийн анх ”Атга нөж” жүжгийн Зэлмийн дүрд тоглож байлаа. Энэ бол миний анхны дүр юм.
Жүжигчин болгон дотроо боддог юм шиг байгаа юм. Миний хувьд яг одоогоор тийм дүрд тоглоё гэсэн бодол алга. Одоо урдаа байгаа ажлаа дүрээ хүмүүст хүргэе гэж бодож байна. Хүн хүүхдээ ялгадаггүй. Жүжигчин хүн өмнө тоглож байсан дүрүүдээс өөр өөр характертэй дүрд тоглох нь гол баримтлах ёстой зарчим. Тийм учраас өөртэйгээ адилхан байдаг Алтаншагайг бүтээнэ гэвэл хэнд ч сонин биш. Тэрийгээ арай өөр болгож, өөр өөр дүрд тоглох нь жүжигчин хүний үүрэг.
Богино өгүүллэгүүдээрээ DVD гаргана гэж байсан. Хэзээ гаргах вэ?
Драмын театрт байхдаа ганцаарчилсан өгүүллэгүүд уншиж байлаа. “Халуун усны байшин”, “Өглөг эх”, “Анхны хайрын захидал” зэрэг хүмүүст анх хүрч байсан өгүүллэгүүд дээр нэмж зургаан өгүүллэг болгоод DVD гаргая гэсэн бодол сэтгэлийн чанадад байгаад л байна. Театрын ажил их байгаа учраас DVD гаргахаа хойш нь тавиад байна. Удахгүй гаргах болно. Эхлээд “Мөрөөдлийн театр”-аа хөл дээр нь зогсоох хэрэгтэй байна. Хүмүүсийг хүлээн зөвшөөртөл сайн уран бүтээлүүд хийгээд дараа нь мэдээж хувийнхаа уран бүтээлд анхаарч эхэлнэ дээ.
Та ямар хоббитой вэ?
Цаг зав гарвал аялах л дуртай даа. Ер нь хөдөө нутгаараа аялаад амрах л үнэхээр сайхан байдаг. Энэ л миний хобби юм уу даа. Уран бүтээлчид цаг зав, чөлөөт цагаар тун хомс. Тэгэхээр аль болох цэвэр агаарт гарч амрахыг л боддог юм.
Таны хэлэх дуртай үгийг асуумаар санагдчихлаа.
Цаг хугацаатай уралдаж ажилла. Би хамгийн түрүүнд цаг хугацаатай уралдаж ажиллая гэж боддог. Цагийн юм цагтаа байх нь хамгийн чухал. Залуу насаа дэмий өнгөрөөлгүйгээр эргээд харахад хийсэн бүтээсэн юмтай байна гэдэг хамгийн сайхан. Цаг хугацаатай уралдаж одоо цагаа уран бүтээлдээ, өөртөө хэрэгтэй байдлаар өнгөрөөх нь чухал гэж боддог.
“Мөрөөдлийн театр”-ын жүжигчнээс мөрөөдлийнх нь талаар асуухгүй өнгөрч болохгүй байх?
Мөрөөдөл гэдэг үг бол өөрөө хязгааргүй байдаг. Мөрөөдлийг олон талаас нь тайлбарлаж болдог. Ерөөсөө хүнийг амжилтад хүргэж байгаа хамгийн том үндэс бол мөрөөдөл. Мөрөөдөлгүй хүн гэж байдаггүй болов уу. Мөрөөдөлдөө хүрэхийн тулд мэдээж хөдөлмөрлөх хэрэгтэй. Мөрөөдөл гэдгийг хийсвэр зүйлээр, хийсвэр орон зайгаар ойлгож болохгүй. Мөрөөдөл биелдэг зүйл байхгүй юу. Миний мөрөөдөл эхнээсээ биелээд явж байна. Арван жилд байхдаа жүжигчин болохыг мөрөөддөг байлаа. Одоо жүжигчин болсон. Драмд орсны дараа өөрийн гэсэн баг хамт олонтой театртай болъё гэж бодсон. Тийм учраас театраа “Мөрөөдлийн театр” гэж нэрлэсэн. Цаашдаа үзэгчдэд улам гоё уран бүтээл хүргэхийг мөрөөдөж байна. Мөрөөдлийн цаана дахиад л мөрөөдөл байдаг. Мөрөөдөлгүй хүн ёстой л нөгөө ойд төрсөн сармагчин шиг байдаг байх. Мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөх л хэрэгтэй.
Тоглолтын бэлтгэлийн үеэр цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн арвин их амжилт хүсье.
Т.Жанерке