Элэнхий хуучин үүргэвч мөрнөөсөө зүүж, мөн тиймэрхүү ногоон цув эгэлдэргэлсэн нэгэн эр дэлгүүрийн үүдэн дээр зогсч байгааг хараад Хишгээгийн нүд томрон гөлөрчихөв. Машиныхаа хаалганы бариул дээр, очсон гар нь хүртэл тэндээ хөшчих шиг боллоо.
Тэр гарах гэж байснаа мартчихсан мэт өнөөх элэнхий хувцастыг ширтэн "мөн байна. Зоригт мөн байна" гэж сэтгэл зүрхэндээ дуу алдав. Тэгж байтал бас нэгэн салбархай цув, майжгий шаахай угласан хар царайтай эр Зоригтой уулзан гар бариад юу ч юм ярьж байна. Зоригт нүүрнийхээ өмнө гараа өргөөд жигтэйхэн ярвайн толгой сэгсэрч байгаа нь тун ч арчаагүй бас өрөвдмөөр харагдана. "Шартаад үхэх гэж байгаа юм байна" гэж Хишгээ бодоод өөрөө мэдэлгүй толгой сэгсэрч суулаа. Зоригт цаад хүндээ нэг юм хэлж, муухан инээхэд үүдэн шүдгүй онгорхой хар ам харагдлаа. . .
Хишгээ сүрхий санаа алдаад машинаа асаан аяархан холдоод хурд нэмлээ. Түүний гол харлан нүдэнд нь нулимс цийлж ирлээ. Сэтгэлд нь арван гурван жилийн өмнөх Зоригт харагдан, зүрх нь хүчтэй дэлсэх тул замын хажуу руу шахан машинаа зогсоогоод, залуураа дэрлэн холын дуртгалдаа автав…
Аймгийн театрын зураач байхдаа Зоригт үнэхээр хиймортой сайхан залуу явжээ. Долгиотсон өтгөн хар үс өргөн цагаан духыг нь эмжиж, инээмсэглэл тодрох цэвэрхэн нимгэн уруулын цаанаастэгшхэн цагаан шүд ярсхийдэгсэн.
Тэр цагт Хишгээ нийтийн хоолны ТМС төгсгөөд аймгийн төвийн том гуанзанд хоол зөөгч хийдэг байсан юм. Арван наймхан настай уран гол шиг бүсгүйг оролдох залуус цөөнгүй. Аймгийн төвийн залуус тэр гуанзыг "ресторан" гэж өргөмжлөөд орой үдэш хэд хэдээрээ нийлэн орж сууцгаана.
Тэд хотоос тээж авчирдаг сулхан шар айраг ууцгаагаад дуу шуу болон шуугилдаж, овоо мөнгөтэй зарим нь буфетнээс нэмэгдэл үнэтэй архи худалдан авч өнөөх шингэн шараараа даруулан ихэд согтон мунраа хутгах нь ч бий.
Тэдгээр залуусын нэг нь Зоригт байв. Тэр хэдэн найзтайгаа байсхийгээд "ресторандана". Зоригтын элбэг цагаан инээд, алиа хошин яриа, биед нь яв цав таарсан дэгжин хувцас, хүзүүгээ ороон энгэр рүүгээ унжуулсан гялбам торгон ороолт нь хүртэл содон.
Нэгэнтээ тэр Хишгээг зурж өөрт нь өгсен юм. Тэдний хоол ундны захиалгыг авч байтал Зоригт сугавчилж явдаг хавтаснаасаа нэг хуудас цаас суга татан авч "за чи жаахан хүлээгэрэй" гэснээ нүүр лүү нь үе үе харан, барьсан харандаагаа түргэн түргэн гүйлгэж, хоромхон зуур татлан зураад "адилхан болсон бол дурсгал болгож хадгалаарай" гээд өгсөн билээ. Зөөгчийн дэрэвгэр малгай өмсч, хормогч зүүсэн түүний нүүр царайг үнэхээр адилхан дүрсэлсэн байлаа.
Зоригтын тухайд Хишгээ "манай энд энүүн шиг авъяастай, дэгжин шаавай залуу байхгүй ээ" гэж бодсон билээ. Захиалга авах, захисан хоол ундааг нь аваачиж өгөх болгонд хамт явдаг хэдтэйгээ уран зураг, ном зохиол, заримдаа инээдтэй хошин онигоо ярьж суух нь хүртэл гудамжны явдал, хов жив, ор дэрний балиар хөг ярьцгааж, түүнээсээ сонсгох гэж ханцуй хормойноос татаж чангаадаг дэггүй харцууаас шал ондоо.
Хишгээгийн хувьд чухам л "анхныхаа харцаар дурлав" гээч болсон хэрэг. Гэвч хөдөөгийн эгэл даруу ахуйд өссөн, угийн номхон төлөв зантай бүсгүйд хайр сэтгэлээ илчлэх арга ухаан даанч олдсонгүй. Дэмий л гуанзныхаа үүдийг үе үе харуулдан, хэзээ ороод ирэх бол хэмээн хүлээнэ.
Нэгэн удаа тэр өнөөх л гурван найзтайгаа орж ирэв. Сул ширээ эзлэнгүүт нь Хишгээ яаран очлоо. Удвал өөр зөөгч очоод үйлчилчихнэ гэж бодоод тэгж яарсан хэрэг. Зоригт өнөөх л хуучин шигээ инээмсэглэн,
-За Хишгээгийнхээ хишгийг сүүлчийн удаа хүртэе дээ гэхэд зөөгчийн нүд дүрлэсхийн "юу гэнэв дээ" гэж бодоод дэвтрээ барин ойртов.
-Энэ маань маргааш нийслэл рүүгээ буцах гэнээ хэмээн хажууд нь суугаа аймгийн сонины сурвалжлагч Идэр хэмээх залуу инээгээд
-Манай аймгийн төв багадаад байгаа юм байх аа гэж нэмэв. Бас нэг нь
-Хоёр литр пиво, нэг шил архи аваад ир гэв. Тэгтэл Зоригт
-Бас хоол гэлээ.
-Аа тийм гуляш л байгаа биз дээ. Дөрвийг гэж нэг нь хэллээ.
-Хөөмөл бууз гарсан гэвэл Идэр,
-Наймыг гэж ганц үгээр захиалав.
-Хоёр хайрцаг янжуур гэж гуляш захиалагч нэмлээ.
Захиалсан бүгдийг нь цуглуулж зөөж явахдаа "Зоригт маань явчих гэж байгаа юм байж. Эд нар нь үдэж яваа хэрэг. Одоо яахав" гэж зүрх нь гаслах адил түгшин байв.
Тэдний идэж ууж, хөгжилдөн байхад Хишгээ элий балай юм шиг л явсансан. Хэдэн хүнээс захиалга авч яаж үйлчилснээ ч сүүлд санахгүй байжээ. Харин нэг завандаа буфетнээс нэг шил архи авч шүүгээндээ хийх ухаан орсон билээ.
Халамцсан найзуудыг явахаар өлгүүрийн дэргэд шуугилдаж байхад нь шил архиа барин очиж Зоригтод өгөхөд
-Энэ чинь юу вэ гэж цаадах нь гайхлаа.
-Бидэнд чинь мөнгө… гэж нэг нь халаасаа тэмтрэв. Хишгээ,
-Та нарт хүн өгүүлсэн юм гэж ээрэн түгдрэн хэлэзд, улайж чинэрсэн нүүрээ нуух гэсэн мэт яаран эргэж билээ. Тэгээд тэдний ширээг цэвэрлэхдээ Зоригтын ууж байсан хундага, татаж байсан тамхиных нь ишийг өөреө бараг мэдэлгүй аваад шүүгээндээ хийсэн сэн. Одоо хүртэл бүдгэрсэн таталбар, хатаж үрчийсэн тамхины иш, нэг шилэн хундага түүнд хадгалаастай байгаа.
Хааяа нэг тэдгээрийг үзэхдээ "яг л тэр цагийнхаар нь Зоригтын зүсийг сэтгэлдээ харж, одоо хаана, яасхийж явдаг бол" гэж боддог байлаа.
Яваандаа эхний үеийнх шиг үргэлж бодон зүрх нь шимшрэхээ больжээ. Гэтэл өнөөдөр барааг нь хараад дахин элэг эмтэрч, сэтгэл нь шархирах шиг болов. "Ийм болчихсон явах гэж. Хорвоо түүгээр яасан хатуу тоглоо вэ" гэж бодоход хэнд ч, юунд ч юм бэ гомдон гол нь харлаж байв.
Зоригтыг яваад жил гаруй болсны дараа Идэрээс нэг удаа сураглавал "Сайн яваа. Зураг нь үзэсгэлэнд тавигдсан мэдээ сонин дээр гарсан байна лээ" гэсэнсэн. Саяхан бас нэг найз нь Хишгээгийн гуанзанд хооллох зуураа "Би саяхан хот ороод ирлээ. Манай энд байсан даа, яагаав бидний найз Зоригт архинд бүр орчихжээ. Өвгөнтийнхний нэг болчихож. Би дайралдчихаад хэдэн цаас өгч арай гэж саллаа" хэмээн сонин болгоход Хишгээ юу гэхээ мэдэхгүй хэсэг зогсоод "хеөрхий дээ" хэмээн санаа алдсан боловч лавтай итгээгүй билээ.
Сүүлийн арван жил Зоригтыг бодсон нь даанч цөөн, хааяахан нэг бодохдоо өөрийнхээ гэнэн хонгор явсан цагаа өрөвделтэйхан дурсдагбайлаа. Үнэндээ түүнийг бодоод байх цаг зав бага байсан байх. Хувь заяаны шагнал мэт сайн хүнтэй учирч, үе цагийнхаа аясыг даган нойр, бие хайрлалгүй зүтгэсний хүчинд бусдын гар харахгүй болсон. Сайн ханийн ухаан, хувийн зүтгэлээр одоо бол өерийн гуанз, хүнсний үйлдвэр, дэлгүүртэй болж, нутгийнхаа "ихчүүдийн" тоонд орох болсон байлаа.
Сая ажил хөөцөлдөх далимандаа амарч байгаа том хүүдээ хот үзүүлэхээр нийслэлд ирэхдээ Зоригттой дайралдана чинээ огт бодсонгүй. Тэгтэл сая барааг нь харж, эрт залуугийн дуртгал зүрхийг шимшрүүлэх нь энэ. "Надад гэм хийсэн биш дээ. Жаахан тус болохсон. За байз…яахав" гэж бодоод машинаа асаан, буудалд хүлээж байгаа хүү рүүгээ явлаа.
…Хоёр хоногийн дараа. Өнөөх дэлгүүрээс нэлээд зайтай зогсоол дээр Хишгээ Зоригтыг хүлээж, машин дотроо сууж байлаа. "Тэр хүн чинь ирэхгүй бол яах юм бэ" гэж есөн настай хүү нь уйдсан янзтай асуув. "Ирэх байхаа" гэж Хишгээ тун итгэлгүй янзтай хэлээд урдах хайрцагаа нээж, бандгар дугтуйг харав. Түүн дотор "Сайн байна уу, Зоригт оо! Энэ хэдэн цаасаар хувцас аваарай. Уулзах боломж гарсангүй. Чамайг хүндэтгэгч" гэсэн зурвас, хоёр зуун мянган төгрөг хийсэн юм байжээ.
Тэгж байтал Зоригт өөр шигээ нэг хүнтэй хамт дэлгүүр лүү ирэв. Яг л хоёр хоногийн өмнөх янзаараа явна. Цуг яваа хүн нь цамц бололтой нэг юм гар дээрээ тохжээ. Тэд өнеөх юмаа дэлгүүрээс гарч ирсэн хоёр ч бүсгүйд үзүүлэв. Эмэгтэй хүний л хувцас байж таарна. Найз нь гар сунган өнөөхөө үзүүлж, Зоригт гар хуруугаа гозгонуулан юм ярих нь "рекламдаж" байгаа хэрэг.
Хишгээ дугтуйгаа авч хүүдээ өгөөд
-Сайн харж ав. Тэр ногоон цувтай, үүргэвчтэй хүнд өгөх юм гэв.
-Энэ чинь юу юм бэ? Чи хэний хүү вэ гэвэл яах юм бэ?
-Танд хүн өгүүлсэн юм гээрэй гэж чамд хэлсэн шүү дээ. Тэгж хэлэнгүүтээ гарт нь бариулчихаад шалавхан дэлгүүрийн цаагуур тойроод хүрээд ир гэв. Үйл явдал хоромхон зуурт болов. Хүүг дэлгүүр тойрон алга болоход гайхаж алмайрсан Зоригт эргэн тойрноо нэг хараад дугтуйг задлав. Түүний зурвас уншиж байхад менгө харсан найз нь инээд алдан өнөөх цамцаараа даллан дэвхрэх дөхөж байна. Зоригт гэв гэнэт бурханд тэврүүлсэн мэт гайхсан мөртлөө баяр гэрэлтсэн нүдээр гөлрөн зогсов.
Хишгээ машинаа асаан хөдөллөө. Толиндоо харвал Зоригт хойноос нь ажиглаж байх шиг санагджээ.
-Ээжээ, энэ хэн гэдэг хүн бэ?
-Ээж нь танихгүй юм билээ.
-Тэгвэл та яагаад юм өгч байгаа юм бэ?
-Ядарсан амьтанд буян болог гээд…гэсэнд хүү дахиад юм асуусангүй. Хишгээ "амьдралын хорлонтой тоглоомыг даагаагүй хөөрхий минь! За буянаараа болог дээ" гэж бодоод хурдаа нэмлээ. Түүний доогуур толигор хар зам урсч, олон машин өнгерч байдаг өдрүүд шиг зөрж байв.
П.Пүрэвсүрэн
П.Пүрэвсүрэн 1938.2.20-нд Баянхонгор аймгийн Баацагаан суманд төржээ. Төрийн шагналт яруу найрагч, Улаанбаатар хотын УБДС 1962 онд төгссөн. 1958 оноос эхлэн уран зохиол бичих болжээ. П.Пүрэвсүрэн шилдэг бүтээлээрээ төрийн шагнал, МЗЭ-ийн шагналаар шагнагджээ. Тэр "Хүний тухай дууль" 1963, "Монгол монгольфе" 1968, "Бүргэдийн дууль" 1969, Тал" 1969, "Хүслийн зарлиг" 1973, "Үдийн нар өндөр" 1977, "Цэцгийн хувь" 1978, "Их тээлийн даваа" 1980, "Уран захидлын хариу" 1983, "Есөн зуун хоног" 1984, "Танил хорвоо" 1985, "Хайрын домог" 1987, "Бид хэдийн явдал" 1991, "Үдийн нар өндөр" 1994, "Тавилан" 1996, "Хүслийн зарлиг" 1999," Сартай шөнийн дээрэм" 2000 зэрэг ном бүтээжээ.
www.URLAG.mn