Энэ уран бүтээл нь түүний өөрөөсөө авсан хамгийн том шалгалт байжээ. 12 жилийн турш тайзан дээр тоглосон Д.Ганцэцэг энд байх ёстой үгүйгээ энэ бүтээлээрээ хэмжүүлсэн аж.
Тэрбээр шагналын индэр дээр гарч, сэтгэл догдлон талархал илэрхийлэхдээ тэнгэрийн оронд очсон аав, ханиа дурссан. Мэдээж тэр үеийг хүртэл түүнийг ханиа алдсан гэдгийг тийм ч олон хүн мэдээгүй байсан байх. Шимшрэм хэдий ч ийм хүнд давааг давж сэтгэлийн хаттай байгаа түүгээр бахархсан.
Тэгвэл Доржготовын Ганцэцэг дараагийн шинэ уран бүтээлээрээ үзэгчидтэйгээ золголоо.
Зохиолыг нь бичиж, хоёрдугаар дүрд нь тоглосон “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны нээлт өчигдөр болсон. “Хүн бүхэн бусдыг хайрлаж, бусдаар хайрлуулах эрхтэй” хэмээсэн энэ киног тольдох боломжийг танд үлдээгээд уран бүтээлчийн яриаг хүргэе.
-Жүжигчин Д.Ганцэцэг яагаад кино зохиол бичих болов?
-Энэ бол Урнаа эгчийн эхлүүлсэн санаа. “Гамлет” жүжгийн Офелиягийн сонгон шалгаруулалтын үеэр Уранчимэг эгч, Ганчимэг бид гурав нэг сарын турш эгч дүү шиг, нэг гэрийнхэн шиг хамт байлаа шүү дээ. Тэр үед бүгдээрээ хамтарч дэлгэцийн уран бүтээл хийе гэж ярилцсан юм. Театрын уран бүтээл тухайн цаг үедээ үлддэг бол кино бүх ард түмний хүртээл болдог. Урнаа эгч 50 гаруй, би 30 гаруй жүжгийн гол дүрд тоглосон ч тэр танхимд жүжиг үзсэн 500-1000 хүн л үүнийг санадаг. Дэлгэцийн бүтээл олон хүнд хүрч, олон он жилийг туулдагтай ижил өндөр хариуцлагатай. Алдах эрх байхгүй. Тийм ч болоод би “Жинжиймаа”-гаас хойш киноны гол дүрд тоглоогүй. Урнаа эгч ч гэсэн “Бүсгүйн завилгаа”-гаас хойш дахиж кинонд тоглоогүй гэсэн. Тиймээс бид ярилцаж, санаагаа олсон.
Энэ кинонд 1981 онд болсон үйл явдлыг харуулж байгаа. Цагдаагийн ажилтнуудаас баримт авч, судалгаа хийж бичсэн. Бид хүнийг анх харснаараа л төсөөлдөг. Өвгөнтийн архичин эсвэл хулгайч гэж бодсон бол тэр төсөөллөө орхидоггүй. Гэтэл тэр хүн яагаад ийм замд орсон бэ гэдэг нь сонирхолтой. Хэн нэгний аз жаргалын төлөө тэр хүн золиос болсон юм биш биз.
Ер нь муу эсвэл сайн хүн гэж байдаггүй. Харин муу болгодог, сайн болгодог хүмүүс л гэж бий. Төрөхдөө л муу хүн болж төрнө гэж байхгүй шүү дээ. Хүн хүнээ хайраар дутаахгүй байя гэсэн санааг энэ кинонд өгүүлсэн.
Жүжигчид байнга уншиж, судалгаа хийж байдаг учраас бичих чадвартай болдог байх. Манай театрын жүжигчдийн хэн нь ч өөрийнхөө хэмжээнд биччихнэ шүү. Энэ удаа киноны зохиолын автор нь миний нэрээр гарч байгаа ч Уранчимэг, Ганчимэг, Ганцэцэг гэдэг гурван хүний уран бүтээл юм.
-Та “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд бүтээсэн дүртэйгээ адилхан хүнийг амьдрал дээр харж байсан уу?
-Бичихэд дүрслэгдэнэ. Тийм бодитой хүнийг харж, ажиглаж байсан. Миний дүрийг Сааралаа гэдэг. Хэн нэгний аз жаргалын төлөө золиослогдож, эмэгтэй хүнийг үзэн ядаж, эршүүд болсон нэгэн. Ямар сайхан эмэгтэй байгаад ямар болж байгааг үзсэн хүмүүс ойлгосон байх. Сэтгэлийн хаттай хүн бусдад нулимсаа үзүүлдэггүй юм. Тиймээс би Сааралааг аль ч үед нулимс унагахгүй байх ёстой гэж бодсон. Мөн бусад дүрээсээ хэрхэн ялгарах тухай бодсон. Гадаад байдлаа өөрчлөх шаардлагатай учраас үсээ тайруулсан. Түүндээ л жаахан харамссан даа.
-Гэхдээ танд энэ халимаг сайхан зохиж байна аа.
-Хүмүүс тэгж хэлж байгаа ч надад огт таалагдахгүй байгаа юм. Анх зохиол бичиж байхдаа л Сааралаа дараа нь ийм болно гэдгийг мэдэж байсан. Зургадугаар сарын 27-ны сайн өдрийг харж байгаад үсээ тайруулах хүртлээ би их эмзэг байсан. Би их шүтлэгтэй болохоор үсний хойноос харамсахгүй гэж бодсон.
-Та өөрийгөө сэтгэлийн хаттай гэж боддог уу?
-Хаттай гэж хэлж болно. Оюутан байхдаа их амархан уйлчихдаг байсан болохоор усан нүдэн гүнж ч гэж дуудуулж байлаа. Одоо бол баргийн хүнд нулимсаа үзүүлэхгүй байж чадна.
-Гэхдээ хүн зовлонгоо тээгээд явах биш хэн нэгэнтэй ярилцаж, сэтгэлээ онгойлгох хэрэгтэй байх аа.
-Мэдээж ярих хүндээ ярина. Хэнд, хаана гэдэг нь л чухал. Хүн болгонд үзүүлээд байж болохгүй нулимс гэж байна шүү дээ.
-Жүжиглэж байхдаа уйлах хэцүү юү?
-Хэцүү. Тухайн үед хэрхэн зөв мэдрэхээс л шалтгаална.
-Та амьдралд хэр их талархдаг вэ?
-Би энэ цаг үед, энэ нийгэмд амьд байгаадаа, амьсгалж байгаадаа их баярладаг. Би оршиж байна. Миний үргэлжлэл болсон хоёр сайхан хүү надад бий. Гэтэл амьдрахыг хүсээд, амьсгалахыг хүссэн ч түүнд нэг ч секунд ч ногдоогүй хүмүүс байдаг. Ингээд бодохоор амьдралд талархаад баршгүй. Харин олдсон энэ амьдралыг зүй бусаар үрж байгаа хүмүүсийг бодохоор харамсдаг.
“Бурханд илгээх захидал” жүжигт ч энэ тухай өгүүлдэг. Хүн тэнгэрээр виз даруулаад бурхнаар замаа заалгаад амьдралд ирдэг юм шиг ээ. Энэ аялал сайн эсвэл муу байх нь танаас л хамаарна. Хүн муу санаа, атаа жөтөө, хор шараар хамт ажилладаг хүндээ атаархаж, хорлох биш цаг хугацаа миний өрсөлдөгч гэж бодох хэрэгтэй. Энэ цаг хугацаанд амжиж бүхнийг хийх ёстой. Бурхан хүн бүрт адилгүй цаг хугацаа хайрладаг. Заримд нь 80 жил, нөгөөд нь арван жил. Гэсэн ч 80 жил амьдарсан хүн огт амьдраагүй юм шиг амьдарсан байхад тэр 10 жил амьдарч байгаа “Бурханд илгээх захидал”-ын Оскар хүү дотоод сэтгэлдээ 110 настай болтлоо амьдарч байгаа юм. Тэгээд их баяртайгаар нөгөө ертөнц рүү оддог.
-Цаг хугацаа л таны өрсөлдөгч юм байна гэдгийг та хэзээ мэдсэн бэ?
-Амьдрал баян. Хүн хүсэж мөрөөдөн амьдралаа зохиодог. Гэхдээ таагдашгүй олон сонирхолтой үйл явдал амьдралд тохиодог. Миний амьдралд гэнэт орж ирсэн зовлон ч бий. “Арай ч дээ миний хамгийн их итгэж байсан хүн ингэх ч гэж дээ” гээд харанхуй нүхэнд уначихсан юм шиг санагдсан ч үе бий. Хүн болж төрөөд л асуудал бүхнийг зөв талаас нь харж ойлгодог байна гэж байхгүй. Заавал ямар нэг юм үзэж байж,түүнээсээ алдаа оноогоо дүгнэдэг. Цаг хугацаа л миний өрсөлдөгч юм байна гэдгийг би дөрвөн жилийн өмнө мэдэж, ойлгосон.
Гэхдээ 2000 онд миний аав өөд болохдоо надад нэг захидал үлдээсэн юм. Тухайн үед би шалгалттай байгаад аавтайгаа уулзаж чадаагүй. Тэр захидалд “Аав нь төрсөн, сурсан, ажилласан, амьдарсан. Одоо эцсийнх нь л үлдлээ” гэж бичсэн байсан. Миний аав шиг бахархалтайгаар ингэж хэлж чадах хүн хэд байгаа бол. Аавынхаа захидлыг уншаад би үр хүүхдэдээ “Ээж нь ажилласан, амьдарсан шүү” гэж хэлэх хэмжээнд амьдрах ёстой юм байна гэж бодож байсан. Одоо ч гэсэн ямар нэгэн хүнд хэцүү зүйл тохиолдох үед аавынхаа захиаг уншдаг.
“Жүжигчин хүний уран чадварын оргил нь монодрам. Ганц хүний жүжигт тоглож, олон улсын фестивальд орохоор зорьсон л бол цомыг нь авах ёстой гэж бодсон. 2013 оны нэгдүгээр сарын 1-нд би яг тэгж бодоод хэрэв чадахгүй бол хоёр хүүгийнхээ төлөө л амьдарна гэж шийдсэн. Хүн болж төрснөөрөө бахархах хамгийн том шалтгаан бол миний хоёр хүү шүү дээ. Энэ хоёр бахархалынхаа төлөө би амьдрах ёстой. Энэ бол миний өөрөөсөө авсан хамгийн том шалгалт” хэмээн Д.Ганцэцэг ярьсан.
Зорьсондоо хүрэх сайхан шүү. Гуравдугаар сарын 27-ны үдэш тэр зорьсондоо хүрсэн болохоор тайзнаасаа буусангүй. Дараа дараагийн уран бүтээлээ хүргэхээр илүү шаргуу ажиллаж байгаа нь энэ.
Тэр үед тайзан дээр ханиа, аавыгаа эргэн дурссан үг сэтгэл шимшрэм байсан. Гэхдээ тэр бээр энэ хоёр бурхандаа талархах ёстой гэж бодсон учраас л ийн ярьсан юм билээ. Бас олон сониуч хүн ханийг нь сониучирхан асуух сэтгэл сийчсэн асуултыг энэ үдэш эцэс болгохыг хүссэн юм билээ.
-Та юунд шунадаг вэ?
-Шунал гэдэг үг муухай сонсогддог шүү дээ. Түүний оронд ихийг мөрөөддөг, хүсдэг, тэмүүлдэг гэвэл болно. Шунал гээд хэлэхээр материаллаг талаас нь хардаг. Би эд мөнгөний шуналгүй, хойрго талдаа. Харин хүсэл, мөрөөдөл арвин. Их бодох дуртай. Чадахгүй зүйлдээ ч тэмүүлж, зүтгэнэ. Киноныхоо дууны найруулагчийн дууг хэрхэн цэвэрхэн авчихсан байгааг хараад бас нэг секундын дүрсийг 6-7 цагийн турш дахин дахин сонсож эвлүүлж байгаа эвлүүлэгчээ хараад тэдэн шиг болохыг хүсдэг. Энэ ч бас шуналтай хүний зан юм шиг ээ.
-Ер нь их хөдөлгөөнтэй хүн юм. Өнгөрсөн хавар ССАЖЯ-ны нэрэмжит тэмцээний үеэр ширээний теннисний төрөлд медаль хүртсэн гэсэн. Спортод ч бас авьяастай юм аа?
-Ер нь их хөдөлгөөнтэй. Би дунд сургуульд байхдаа сагсан бөмбөгийн аварга багийн ахлагч байлаа. Хүүхэлдэйн, дууны, шүлгийн, хөнгөн атлетикийн дугуйланд явна. Багаасаа сагсан бөмбөг тоглодог байсан болохоор тэр тэмцээнд сагсан бөмбөгөөр шагнал хүртэж чадаагүйдээ харамссан. Воллейболоор хүрэл, ширээний теннисээр мөнгөн медаль хүртсэн.
-Таныг “Харанга” хамтлагийн фэн гэдгийг мэдэх юм байна. Ер нь таныг ямар хөгжим илэрхийлэх бол?
-Зүрхний цохилт шиг л дээш, доошоо болсон тиймэрхүү хөгжим байх болов уу. Бидний ажил бужигнасан, өрнүүн шүү дээ. Тийм болохоор би хааяа чимээгүй суух дуртай. Ганцаараа байхдаа хүн өөрийнхөө сул талыг их олж хардаг бололтой.
-Та сул талаа бусдаас нуухыг хичээдэг үү, эсвэл өөрчилж, залруулахыг хүсдэг үү?
-Аль, аль нь л бий. Хүн ганцхан сул талтай биш болохоор нуухыгаа нууж, өөрчлөхийгөө өөрчилнө.
-Таны тэмдэглэлүүдийг уншиж байхад “Амжилт бүтээл бэлэглэсэн зургадугаар сар танд баярлалаа” гэх мэтээр сар, өдөр болгонд талархсан байх юм. Энэ ямар учиртай юм бэ?
-Бага байхад “Арван хоёр сар” гэдэг кино гардаг байсныг санаж байна уу. Би яг тийм сар байдаг гэдэгт итгэж, уулзахыг хүсдэг байсан юм. Аливаа бүхнийг амьтай гэж бодож хандах ёстой юм шиг надад санагддаг.
-Тэр дунд наймдугаар сарын 8-ныг онцолсон байсан. Энэ ямар өдөр вэ?
-Гэр бүлээ батлуулсан өдөр.
-Та өөртөө хэр их хайртай вэ. Өөрийгөө хайрлаж чадаж байгаа хүн л бусдыг хайрлана гэдэг дээ.
-Энэ тухай би их бодож байсан. Нэг хэсэг өөрийгөө хайрлаж, амрааж, цаг гаргасан нь зөв юм билээ. Одоо ажил ихтэй байгаа болохоор чадахгүй л байна.
Түүний амьдралын хамгийн том бахархал нь хоёр хүү нь. Тэднийхээ тухай “Миний хөвгүүд бага байхаасаа л нэг их уйлдаггүй сайн хүүхдүүд байсан. Үргэлж ээжийгээ баярлуулж бахархуулж байдаг юм. Нэг удаа том хүүгээ сургуулиас нь аваад явж байтал “Ээж ээ. Их хаан бидэнд дэлхийн талыг эзлээд өгсөн байхад бид хамгаалж чадахгүй талыг нь алдчихдаг заяагүй улс юм аа” гэж хэлсэн. Есөн настай хүү минь ингэж бодож байхад би нэг удаа ч гэсэн тэгж бодсон билүү гэж өөрөөсөө ичсэн. Бас сургуулийнхаа хэмжээнд болсон “Монгол бахархал” шүлгийн уралдаанд түрүүлэхэд нь баярласан. Миний өмнө нь огт уншиж, харж байгаагүй зүйрлэл оруулсан байсан” хэмээн ярьсан. Д.Ганцэцэг эх орныхоо төлөө бодитой зүйл хийх хүн байхыг хүсдэг гэсэн.
Тайзнаа сайн, мууг тодруулан урлагаар хүн ардын сэтгэлийг тэжээж яваа түүний үйлс бодитой хувь нэмэр билээ. Гэхдээ тэрбээр хөвгүүдээ ард түмнийхээ төлөө зүтгэсэн агуу үйлсийн эзэн байгаасай хэмээн хүсдэг гэсэн.
-Таны аавын тухай асуухгүй өнгөрч боломгүй юм. Таны үзэл бодол, амьдралыг харах өнцөг энэ хүнээс эхтэй байх аа.
-Миний аавыг Жадамбын Доржготов гэдэг. Байгаль орчны яамны ойжуулалтын инженер хүн байсан. Тухайн үеийн 18 аймгийн цэцэрлэгжүүлэлтийн ажлыг миний аав гардаж хийсэн. Аав минь надад гурван зүйлийг чухалчлан захидаг байсан юм.
Нэгдүгээрт, хүн шиг л хүн байгаарай гэсэн. Үүнийг би ойлгодоггүй байсан ч одоо л ойлгож эхэлж байна.
Мөн хэзээ ч битгий гадаа хог хаяж байгаарай гэдэг байлаа. Хүн болгон ингэж сургадаг байсан бол Улаанбаатар хот цэвэр цэмцгэр хэвээрээ л байх байсан. Миний халаас, машин дотор дүүрэн хог бий. Хогийн сав таарсан эсвэл гэртээ харьсан цагтаа л би хаядаг. Хөвгүүддээ ч ингэж сургаж байгаа. Миний том хүү хоёр ой хүрэхээсээ өмнө л хогийг хогийн саванд л хаядаг болсон. Бага хүү минь жаахан эрхэлчихсэн болоод тэр үү арай л хэвшээгүй байгаа.
Гуравдугаарт нь зүлгэн дээр битгий гишгэж байгаарай гэж хэлдэг байсан юм. Намайг хүүхэд байх үед хүүхэд болгон томчуудын үгийг сонсдог, эмээдэг байжээ. Гэхдээ хүмүүс хэнхэг эсвэл хүн загнах дуртайдаа тэгж хандаагүй. Монголын ирээдүйд л сэтгэл зовниж байсан. Харин одоо бол хувийн ажил бүтэж байвал бусдын төлөө тэгж зовних хүн хэд билээ.
Аав минь тэр олон модыг тарьсан хэрнээ Алтан гадас одонд таван удаа тодорхойлогдоод авч чадаагүй. Хөдөлмөрийн хүндэт медалийг гурван удаа авсан. Хожим нь би 2010 оны долдугаар сарын 10-нд Алтангадас одонгоор шагнуулаад айж байсан. Олны танил болох онцлогтой мэргэжилтэй болохоор миний хийсэн бүхэн хүмүүст тод харагджээ. Нөгөөтэйгүүр энэ шагнал надад хүнддэх вий гэж бодтол ээж минь “Аавынхаа авч чадаагүйг нөхөж авлаа гэж бодоорой” гэж хэлсэн. Үнэхээр л Доржготовын Ганцэцэг гэж дуудуулаад шагнал гардах сайхан байсан.
-Та одоо УДЭТ-ын тайзнаа дахин тоглох уу?
-Гэрээгээр тоглож болох юм. Энэ театрын тайзтай миний урлагийн амьдрал холбоотой. Тайз надад олон зүйл сургасан. Алтан үеийн бурхад биднийг харж, илч, энергиэр үргэлж тэтгэдэг юм. Манай улс урлагийн талаарх бодлогоо цэгцэлж, зөв голдиролд нь оруулбал болохгүй зүйлгүй. Тэгж чадвал үзэгчдээ эртнээс бэлдэж, урлагаар хүмүүсийг багаас нь хүмүүжүүлж, уран бүтээлчдээ хэмжүүртэй шалгаруулж чаддаг болно.
Гэхдээ би УДЭТ-т ажлаагүй ч тайзны уран бүтээлтэй үргэлж холбоотой байна. “Хувьсал” продакшн яалт ч үгүй миний уран бүтээлийн замтай нэгддэг юм. “Надаар тоглосон хайр” жүжигт тоглож би олны танил болж байлаа. Энэ бол “Хувьсал” продакшны анхны уран бүтээл байсан. Харин одоо энэ продакшны анхны дэлгэцийн уран бүтээлийн зохиогч нь болж байна.
Ж.Солонго