ССАЖЯ-ны санаачилга, санхүүжилтээр Монгол-Францын төв, Урлагийн зөвлөл хамтран “Улаанбаатар” олон улсын анхдугаар кино наадмыг ирэх сарын 4-9-нд зохион байгуулахаар болсон.
Энэ үеэр Канн, Берлин, Венецийн кино наадмаас шагнал хүртэж байсан Итали, Франц, Америк, Сингапур тэргүүтэй есөн орны арт хаус төрлийн 12 киног “Тэнгис” кино театрын дэлгэцнээ үнэ төлбөргүй толилуулах гэнэ.
Мөн Каннын кино наадмыг зохион байгуулагчид, кино бүтээлийг дэлхийн зах зээлд түгээдэг “Мементо фильмс”, “Фактори” компанийн төлөөлөгч, кино найруулагч, жүжигчид хүрэлцэн ирэх аж.
“Өнөөгийн кино урлагийн хөгжлийг тодорхойлох арилжааны бус бүтээлүүдийг монголчууддаа үзүүлж, монгол киног олон улсад сурталчилж, хамтран бүтээл туурвихад дэмжлэг авах зорилготой бөгөөд гаднынхантай хамтарч хийх хүсэлтэй 10 кино зохиолыг танилцуулна” хэмээн ССАЖЯ-ны Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Оргил мэдээлсэн юм.
Тус наадмын хөтөлбөрт 2013 оны Каннын олон улсын кино наадмын шүүмжлэгчдийн долоо хоног, найруулагчдын хоёр долоо хоног, “Un Certain Regard”, “Алтан камер” хэсэгт тус тус шагналт хүртсэн Италийн “Сальво”, АНУ-ын “Цэнхэр уналт”, Мексикийн “Алтан хорго”, Сингапурийн “Ило Ило”, мөн 2012 оны Венецийн олон улсын кино наадмын шүүмжлэгчдийн долоо хоногийн үзэгчдийн нэрэмжит шагналт Шведийн “Ид унт үх” зэрэг шилдэг бүтээлүүд багтсан бөгөөд кино үзвэрийн дараа тус киног бүтээсэн уран бүтээлчидтэй уулзах онцгой боломжийг олгоно.
“Улаанбаатар” олон улсын кино наадмын зохион байгуулагчдын урилгаар АНУ, Франц, Тайвань, Сингапур, Мексик, Турк, Итали, Герман зэрэг орны найруулагч, продюсер, гол дүрийн жүжигчид, Истанбул болон Каннын наадмын зохион байгуулагчид, кино бүтээлийг дэлхийн зах зээлд түгээдэг Герман, Францын Мементо фильмс, Матч Фактори, Фильм Бутик зэрэг нэр хүндтэй байгууллагын төлөөлөгчид, Францын Засгийн Газрын Кино Урлагийн Үндэсний Төвийн удирдлагууд зэрэг олон улсад нэр хүндтэй уран бүтээлчид оролцоно.
ССАЖЯ “Улаанбаатар” олон улсын кино наадмын онцлох орноор Франц улсыг сонгосон бөгөөд энэ хүрээнд тус улсын киноны шилдэг бүтээлээс бүрдэх “Франц киноны өдөрлөг”-ийг зохион байгуулах юм.
Мөн наадмын хүрээнд дэлхийн киноны хөгжлийн шилдэг туршлагаас суралцах, Монголын киног олон улсад сурталчлах, хамтарсан бүтээл туурвихад дэмжлэг үзүүлэх зорилготой “Улаанбаатар олон улсын кино форум” болон “Амжилтын гарц” уулзалт ярилцлага болох юм байна.
www.URLAG.mn