Их Британийн жүжигчин, хошин урлагийн жүжигчин Рассел Брэндийн эсрэг үргэлжилж буй эрүүгийн хэргийн шүүх хурлын үеэр дөрөв дэх эмэгтэй түүнийг 2004 эсвэл 2005 онд “Capital Radio” радиогийн байранд ажиллаж байх үедээ бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж мэдүүлжээ.
“Variety” сэтгүүлийн мэдээлснээр, эмэгтэйн мэдүүлгийг аравдугаар сарын 20-нд Лондон хотын Саутуаркын эрүүгийн хэргийн шүүхэд сонссон байна.
Рассел Брэнд нийт зургаан эмэгтэйтэй холбоотой, 1999–2009 оны хооронд болсон гэх үйл явдлуудаар гурван удаагийн хүчин, гурван удаагийн бэлгийн халдлага, нэг удаагийн ёс бус халдлагын хэрэгт буруутгагдаж байгаа юм.
Тэрбээр өөрт нь тулгасан бүх хэргийг няцааж, гэм буруугүй гэдгээ мэдэгдсэн байна. Брэндийн байр суурийн дагуу тэрээр хэний ч зөвшөөрөлгүйгээр бэлгийн харилцаанд ороогүй гэжээ.
Шүүх хурлын үеэр өмнөх гурван эмэгтэй ч өөр өөр цаг үед бэлгийн халдлагад өртсөн гэх мэдүүлэг өгсөн байна. Тэдний мэдүүлэгт 1999 онд зочид буудалд болсон гэх хэрэг, 2001 онд “MTV Europe”-д ажиллаж байх үеийн үйл явдал, 2004 онд Лондонгийн бааранд болсон гэх халдлагын талаар дурджээ.
Рассел Брэндийн шүүх хурал ойролцоогоор зургаан долоо хоног үргэлжлэх төлөвтэй байна. Одоогоор түүнд холбогдох хэргүүдийн талаар шүүх эцсийн шийдвэр гаргаагүй бөгөөд дээрх мэдээллүүд нь шүүхэд өгсөн мэдүүлэг, талуудын байр суурьд үндэслэж байна.

