Хөлөөрөө нум сум харван олон улсын шүүгч нарыг гайхшруулж, Монголынхоо нэрийг дэлхийд гаргасан уран нугараач бол Г.Нямгэрэл. Өнгөрсөн есдүгээр сарын 22-31-нд Болгар Улсын Несебар хотод болсон "Язгуур урлагийн дэлхийн аварга шалгаруулах наадам"-д оролцож багаараа үнэмлэхүй аваргаар шалгарч, гран- при шагнал хүртсэн юм.
Уг наадмын үзүүлбэрийнхээ үеэр уран нугараач Г.Нямгэрэл уран нугарахаас гадна “хөлөөрөө нум сум харван” олон улсын шүүгч нарыг болон улс орноо төлөөлөн оролцож буй 24 орны уран бүтээлчдийг гайхшруулсан юм. Харин одоо ОХУ-ын Сочи хотноо ирэх онд болох өвлийн олимпийн нээлтэд оролцох урлагийн бүтээлүүдийн сонгон шалгаруулалтад уран нугараач Г.Нямгэрэлийн дэглэн найруулсан есөн нугараачийн үзүүлбэр өрсөлдөж байгаа ажээ.