Америкийн нэрт зураач, найруулагч, продюссер, “Оскар”-ын 29 удаагийн шагналт, АНУ-ын засгийн газрын иргэний дээд шагнал болох “Эрх чөлөөний одон”-гийн эзэн, “Уолт Дисней” кино компанийн үүсгэн байгуулагч, дэлхийн анхны томоохон хүүхдэд зориулсан парк болох “Диснейлэнд”-ийг санаачлан бүтээгч Уолтер Элиас Дисней 1901 оны энэ өдөр мэндэлжээ.
Уолт Дисней 1901 оны арванхоёрдугаар сарын 5-нд Чикаго хотод Ирландаас ирж суурьшсан Элиас, Флора Дисней нарын олон хүүхэдтэй гэр бүлд төржээ. Уолтыг дөнгөж найман настай байхад нь түүний эцэг пүүсийнхээ реклам болон сонин хүргэн тараах даалгаврыг түүнд өгчээ. Бороо шороотой, цасан шуургатай ямар ч үед Уолт өөрийн маажгий гутлаа өмсчихөөд шууданг цагт нь хүргэж өгөхөөр гүйдэг байв.
1918 оны зун Уолт өөрийн ах Ройг даган цэрэгт явж, Дэлхийн нэгдүгээр дайнд оролцохыг хүссэн боловч нас нь бага гэсэн шалтгаанаар түүнийг цэрэгт татсангүй. Харин тэрбээр сайн дураар “Улаан загалмайн нийгэмлэг”-т ажилтнаар орж, Европ тив рүү томилолтоор явжээ. Бүтэн жилийн турш тэрбээр эмнэлгийн машины жолоочоор ажилласан гэдэг.
Эргэж хариад Уолт аавынхаа үйлдвэрт эхлээд туслах ажилтан, дараа нь шөнийн манаачаар ажиллах болов. Энэ үеэс тэрбээр бага наснаасаа сонирхдог байсан зураг зурах авьяасаа илүү хөгжүүлжүүлж эхэлжээ. Амьтдын дүрс, зургийг буулгахдаа байсан гэдэг. Улмаар Канзасийн уран зургийн их сургуульд, дараа нь Чикагогийн урлагийн академид суралцаж, өөрийн найз, зураач Аб Айверсктай хамт хоосон өрөөг студи болон ашиглаж, уран бүтээлийн гараагаа эхэлжээ. Дараа нь Уолт өөрийн анхны пүүс болох “Дисней-Айверск”-ийг байгуулсан байдаг.
Уолт нэгэн өдөр “Канзас Филли Эд” компанид хүүхэлдэйн киноны зураачийн орон тоо гарсан тухай сонины зарлалыг олж үзээд тийшээ зүглэсэн байна. Диснейн зурсан зургуудыг үзээд компанийн захирал түүнд долоо хоногийн 40 ам.доллар санал болгожээ. Ажил ч, цалин ч түүнд дажгүй санагдсанаар Уолт ч зөвшөөрсөн аж. Ингээд Дисней “Филли Эд” компанид ажиллаж, пүүсээс Аб Айверкст үлдээжээ.
Тэрбээр богино хугацаанд зураач нарын дунд байр сууриа олж, “Лаф-О-Грем-филмз инк” гэсэн өөрийн пүүсийг байгуулав. Компанийн хувьцааг худалдаж, олсон мөнгөөрөө богино хэмжээний хоёр хүүхэлдэйн кино хийсэн нь улс даяар тарж, овоо нэрд гарсан ч Дисней санхүүгийн хувьд алдагдал хүлээн, дампуурлаа зарлахад хүрчээ. Эл компаниасаа Уолт камер болон өөрийн хамгийн сайн бүтээл болох “Алиса үлгэрийн оронд” киноныхоо нэг хувийг л авч хоцорсон гэдэг.
Дисней бүхнийг шинээр эхлэхийн тулд Канзасаас Калифорни руу нүүв. Дэлхийн киноны үйлдвэрлэлийн төв нь болоод байсан Холливудад тэрбээр 1923 оны зун хөл тавьжээ. Эхний үед Уолт өглөөнөөс орой хүртэл павильон болон зураг авалтын талбайгаар яван, кино бүтээх урлагийг нарийн судалжээ. Энэ үед түүний халаасанд 40-хөн доллар, харин чемоданд нь солих ганцхан цамц л байв.
Уолт элэгдэж муудсан зураг авах аппарат түрээсэлж, түүнийгээ гараждаа суурилуулав. Өмнө нь санаачилж байсан “Инээдмийн хөтөлбөр”-ийнхөө санааг хөгжүүлэн тэрбээр хөгжилтэй кинонуудыг зохион хальснаа буулгаж байлаа. Үүнийгээ кино түрээслүүлэгчид рүү илгээж байв. Гайхамшиг тохиож, “Лаф-о-грем”-ийн нэг үйлчлүүлэгч Алисагийн тухай киноных нь оронд 1500 ам.доллар санал болгосны дээр ийм хэд хэдэн кино захиалжээ. АНУ-д богино хэмжээний хүүхэлдэйн кинонууд цувралаараа худалдаагддаг, харин тусдаа ганц кино бараанд тооцогддоггүй байсан тул түүнд тавьсан энэ санал бол “алтан” боломж байлаа. Ингээд ахаасаа тусламж хүсэж, Рой ч зөвшөөрч, шаардлагатай хөрөнгийг босгосон байна.
Уолт “Алиса”-г бүтээх ажилдаа урам зориг дүүрэн оров. Богино хэмжээний хүүхэлдэйн кинонуудыг бүтээхийн тулд ах дүү Дисней 1923 оны аравдугаар сарын 16-нд “Уолт Дисней” компанийг үүсгэн байгуулжээ. Тэрбээр сэдсэн зүйлээ бүтээж чадвал бүтээгдэхүүн нь гайхалтай сайхан болдог авч өндөр зардлаар бүтдэг байв. Тиймээс ах дүү хоёр олонтаа өр зээлд унадаг байсан гэдэг.
1930-аад онд Диснейн богино хэмжээний хүүхэлдэйн кино дуу, өнгөтэй болсноор “Уолт Дисней компани” гэсэн нэр бүх дэлхий даяар нэрд гарч, харин Уолт өөрийн бүтээлүүдээрээ кино наадмуудын олон шагнал, түүн дотроо “Оскар”-ыг хүртсэн боловч компанийн санхүүгийн байдал нэлээн дорой байлаа. Харин тэрбээр асар зориг гарган 1937 онд дэлхийн хамгийн анхны бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино болох “Цасангоо ба долоон одой”-г бүтээсэн явдал нь Диснейг саятан болжээ. Ингээд дэлхий даяараа мэддэг “Пиноккио”, “Бэмби”, “Уран зөгнөл” зэрэг хүүхэлдэйн кинонуудаа бүтээжээ.
1955 онд түүний эртний мөрөөдөл биелж, Калифорнид Диснейланд паркийн үүд хаалгыг нээв. 1960-1970 он бол Диснейн оргил үе байлаа. Түүний кино, сериалууд телевизийг байлдан дагуулж байв. 1965 оны “Мэрри Поппинс” мюзикл жинхэнэ агуу бүтээл болж чадсан ба түүний кино, хүүхэлдэйн кинонд олон жилийн туршид хуримтлуулсан туршлагыг багтааж чадсан юм. Энэ алдартай бүтээл дэлгэцэнд гарснаас нэг жилийн дараа буюу 1966 онд Уолт Дисней таалал төгссөн юм.
Хөгжил цэцэглэл оргилдоо хүрсний дараа урууддаг жамаар түүний эзэнт улс мөн л тэр замналыг туулсан. Гэвч 1980-аад оны төгсгөл 1990-ээд оны эхэн үеэс “Дисней” студи дахин цэцэглэж, олон сайхан бүтээлийг гаргаж эхэлсэн юм. Үүнд, “Араатан ба гоо үзэсгэлэн”, “Лусын дагина”, “Араатны хаан арслан” гэхчилэн олон бүтээл нь дахин сая сая хүүхэд, томчуудыг үлгэрийн ертөнцөд умбуулж эхэлсэн билээ.
Өдгөө ч Диснейн үндэслэсэн компани тэргүүлэгч хэвээр байж, уран бүтээлүүдээ туурвисаар буй.