1976 онд Монгол Улсын Төрийн тэргүүн Ю.Цэдэнбалын гэргий А.И.Цэдэнбал Филатова санаачлан, ЗХУ-аас манай улсад барьж байгуулж бэлэглэсэн “Гэрлэх ёслолын ордон”-д өнгөрсөн 50 жилийн хугацаанд 50 мянга гаруй хос гэр бүлээ батлуулж, гал голомтоо бадраажээ.
Тэгвэл эл түүхт байгууллагын захирлаар НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул томилогдсон байна.
Тэрбээр “Энэ гайхамшигт ордны үйл ажиллагааг өнгөрсөн, одоо, ирээдүйн алтан аргамж дээр зангидан ажиллахыг эрхэмлэнэ. Мөн Монгол төрийн ёс, өв соёл, уламжлал, зан заншил, олон улсын жишиг, туршлага, сайн жишээг хослуулан хосуудын хуримын ёслолыг зохион байгуулахаас гадна гэр бүлийн үнэ цэнийг нийгэмд, залуучуудад ойлгуулах тал дээр анхаарч ажиллана. “Гэрлэх ёслолын ордон”-ыг удирдаж байсан үе үеийн удирдлагуудад талархал илэрхийлэхийн ялдамд, надад ажлаа хүлээлгэн өгсөн Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн М.Уянга хүндэт эгчдээ талархал илэрхийлье. Итгэл, сэтгэл, зүтгэлийг нь алдахгүй хичээн ажиллах болно. Их хотын төв цэгт байрлах “Хуримын ордон”-ы үүд хаалга хүн бүхний өмнө нээлттэй байж, хайртай хосуудын хуримаа хийхээс гадна, хамтдаа уулздаг, суралцдаг, төлөвлөдөг болзооны хамгийн гоё орчин болгохын төлөө хамт олноороо хичээн ажиллана. Мэдээж, миний ажлын арга барилаар төрийн байгууллагын үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй байх зарчмыг баримтална” гэжээ.
НИТХ-ын төлөөлөгч, “Гэрлэх ёслолын ордон”-ы захирал Ү.Оюунзул нь 2020 оны орон нутгийн сонгуулийн дараагаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын даргаар томилогдон ажиллаж байсан юм.