Урлагийн ертөнцөд хөл тавьсан цагаасаа эхлэн өнөөг хүртэлх 30 гаруй жилийн хугацаанд хийсэн бүхнээрээ салбартаа чичиргээн үүсгэж, тасралтгүй шинэ босго, стандартыг тогтоосоор ирсэн нэгэн бол Төрийн соёрхолт, “Камертон” хамтлагийн анхлагч, “В” продакшны үүсгэн байгуулагч, дуучин, хөгжмийн зохиолч, продюсер Д.Болд. “Камертон” хамтлагийг үүсгэн байгуулснаасаа хойш шил шилээ дарсан супер хит дуунуудаар залуусыг байлдан дагуулж, үргэлжлүүлэн соло уран бүтээлүүдээрээ энтертайнмент салбарт хурцаар гэрэлтсээр буй тэрбээр сүүлийн жилүүдэд “В” продакшн болон “Voice of Mongolia” шоугаар дамжуулан зөвхөн өөрийн уран бүтээлээс гадна залуу уран бүтээлчдийг дэмжих чиглэлд анхаарал хандуулж, мөн Монгол Улсад анхны олон улсын стандартад нийцсэн, А зэрэглэлийн мэргэжлийн дуу бичлэгийн “440Hz records” студийнхээ үйл ажиллагааг эхлүүлээд буйг бид мэднэ.
Өнгөрсөн зургаадугаар сард “Камертон” хамтлагийнхаа 30 жилийн ойн баярыг “Socialpay рark”-т сонсогчдынхоо хамт нижгэр тэмдэглэсэн тэрбээр тун удахгүй “Best of Bold” бие даасан аялан тоглолтоо хийх гэж байна. Америкийн Нэгдсэн Улсад суугаа бүх Монголчууддаа зориулан бэлтгэсэн эл тоглолт энэ наймдугаар сарын 8-нд Сиэтл хотоос эхлэх бөгөөд одоогоор АНУ-ын найман том хотод тоглох товтой байна.