Өмнөд Солонгосын жүжигчин Жон До Ён найруулагч И Чан Доны “Possible Love” кинонд бүтээсэн дүрээрээ ирэх жилийн “Оскар”-ын наадмын шилдэг эмэгтэй жүжигчний төрөлд нэр дэвших боломжтой уран бүтээлчдийн нэгээр нэрлэгдэж эхэллээ. Хэрэв тэрбээр тус төрөлд нэр дэвшвэл Өмнөд Солонгосын жүжигчдээс анхдагч болох юм.
АНУ-ын “The Hollywood Reporter” хэвлэл аравдугаар сарын 25-нд Жон До Ёны уран бүтээлийн замнал болон “Possible Love” кинонд бүтээсэн дүрийг нь онцолж, “Оскар”-ын шилдэг эмэгтэй жүжигчний төрөлд нэр дэвших боломжтойг дурджээ. Өмнөд Солонгосын KBS World болон SBS News агентлагууд ч уг мэдээллийг дамжуулсан байна.
Жон До Ён тус кинонд ажлаасаа халагдсан ажилчны эхнэр Ми Угийн дүрийг бүтээжээ. Кинонд амьдралын нөхцөл, нийгмийн байр сууриараа ялгаатай хоёр хос баримтат киноны төсөлтэй холбоотойгоор учирч, өөрсдийн амьдрал, далд хүсэл болон дотоод зөрчилтэйгээ нүүр тулдаг тухай өгүүлдэг. Гол дүрүүдэд Соль Кён Гү, Жон До Ён, Чо Ё Жон, Жо Ин Сон нар тогложээ.
“The Hollywood Reporter” жүжигчний дүр бүтээх арга барилыг онцлон үнэлж, Ми Угийн дүрийг Жон До Ёноос өөр жүжигчин бүтээж буйгаар төсөөлөхөд бэрх хэмээн бичсэн байна. Түүний тоглолт дүрийн сэтгэл хөдлөлийг энгийн нэг илэрхийлэл, дуу хоолойгоор хязгаарлахгүй, баяр хөөртэй мөчүүдэд ч үзэгчийн сэтгэлийг эмзэглүүлж чаддагийг тус хэвлэл онцолжээ.
“Possible Love” кино нь найруулагч И Чан Доны найман жилийн дараах анхны бүрэн хэмжээний уран сайхны кино бөгөөд олон улсын кино наадмууд болон кино шүүмжлэгчдийн анхаарлыг татаж байна. Тус бүтээл 2026 оны есдүгээр сард Венецийн олон улсын кино наадмын шүүгчдийн их шагналыг хүртсэнээс гадна Өмнөд Солонгосоос “Оскар”-ын олон улсын шилдэг киноны төрөлд өрсөлдөхөөр сонгогджээ.

