Ричард Линклейтерын шинэ бүтээл Францын кино урлагийн төлөөлөл Жан-Люк Годарын “Breathless” киноны зураг авалтын үйл явдлыг харуулсан хар-цагаан инээдмийн кино юм. Гол дүрүүдэд Гийом Марбек, Зои Дойч, Обри Дюллен, Адриан Руяр, Роксана Ривьер нар тогложээ.
Харин киноны хувцасны дизайныг загвар зохион бүтээгч Паскалин Шаванн хариуцсан бөгөөд энэхүү киноны анхны хэв маягийг судалж, хэд хэдэн соёлын дүр төрхийг дахин сэргээжээ. Тухайлбал, гол дүрийн жүжигчний өмссөн байсан “New York Herald Tribune” логотой футболкыг яг 1960-аад оны хэв маягаар нь материал, үсгийн хэв гээд бүх деталийг нарийн судалж бүтээжээ.
“Nouvelle Vague” кино албан ёсоор “Chanel” загварын ордонтой хамтран ажилласан бөгөөд 1956 оны хавар-зун цуглуулгын силк материалтай бейж даашинзыг зураг авалтад зориулан архиваас гаргажээ. Зои Дойчд энэ даашинз маш их таалагдсан тул тэрээр Каннын наадмын нээлтдээ өмссөн байна. Үүнээс гадна кинонд 1960-аад онд хит болж байсан пикси үсний богино цайвар засалтыг сэргээсэн нь киноны дүр төрхөд онцгой нөлөө үзүүлжээ. Зои Дойчийн үс засалт дээр Трейси Каннингем, стилист Бриджит Брегер нар ажилласан байна.