
Ная гарсан насандаа Холливудын хамгийн эрэлттэй жүжигчдийн жагсаалтыг тэргүүлнэ гэдэг хүсээд ч олдохгүй хувь заяа биз. Тийм хувьтай хүн бол өдгөө 84 настай Клинт Иствуд.
40 гараад л кино урлагийн тавцангаас шахагддаг бичигдээгүй хууль түүнд огт үйлчлээгүй. Харин ч цаг хугацаа өнгөрөх тусам тэр улам гялалзсаар.
Шотланд, ирланд, англи, голланд гээд элдэв цус холилдсон удамтай энэ хүн “Malpaso” кино студийг үүсгэн байгуулсан шаггүй найруулагч, бас мундаг зохион байгуулагч аж.
1992, 2004 онд найруулагчийнхаа ажлаар Оскар хүртсэн Иствуд хотын даргын алба хашиж явсан түүхтэй.
Олон кинонд тамхи татаж харагддаг тэрбээр үнэн хэрэгтээ жаалхүү байхдаа л “утаатай” хэсэг зугаацсан болохоос тамхины эсрэг хүн аж.
Иствуд мэргэжлийн нисгэгчийн үнэмлэхтэй гэнэ. Хэд хэдэн кинонд өөрийн онгоцыг жолоодож зураг авахуулж байжээ.
Багаасаа жааз хөгжмийн фэн байсан тэрбээр хөгжимчин болохыг мөрөөддөг байж. Урлагийн сургуулийн элсэлт болдог жил түүнд цэргийн зарлан дуудах хуудас ирсэн байна.
Тэрбээр Өмнөд Солонгост цэргийн алба хаасан бөгөөд энэ үед найз нар нь жүжигчин болохыг ятгасан гэнэ.
Холливудын хамгийн сайхан залуугаар тодорч явсан ийм нэгэн хүнтэй “Esquire”-ийн сурвалжлагч ярилцжээ.
•Би багадаа үеийнхэндээ дээрэлхүүлж үзээгүй. Учир нь бага ангийнхнаасаа хамгийн өндөр нь байсан. Бас манайх үргэлж л нэг хотоос нөгөө рүү нүүж суудаг болохоор нэг сургуульд удаж байгаагүй юм. Тиймээс намайг сорьж, өдөж байх хугацаа үеийн жаалуудад олдоогүй хэрэг. Тэгээд ч би их томоотой, ичимхий, хүний ая эвийг олчихдог хүү байсан. Үүнээс гадна найз нөхөдгүй болохоор гэртээ бүрээ үлээгээд өдрийг барна. Хөршийн хүүхдүүд намайг цонхоор хараад нэг их дооглодог байж билээ. Тэнэг амьтан гэж боддог байсан байх л даа.
Чи хүссэн ч, хүсээгүй ч үхэл гэдэг зүйлтэй тулгарна. Тэрнээс айх хэрэггүй. Цаг нь ирвэл явах ёстой гэдэг чинь хүн хорвоод мэндлэхтэй утга нэг маш энгийн, ойлгомжтой хууль биз дээ.
•Өнөө үеийн хүүхдүүд дэндүү улбагар санагддаг. Яг л айлын эрх муур шиг. Чухам юу нь болохгүй байгааг хэлж чадахгүй ч, энэ үеийнхэн нэг л биш ээ. Амьдарч байгаа эрин үетэйгээ холбоотойгоор тэд аливаа зүйлийн утга учрыг их эрт мэддэг болчихоод тэгдэг юм болов уу. Бүү мэд дээ.
•Би гүн хямралын үед өссөн хүн. Ажил олдохгүй, ямар ч орлогогүй тийм л цаг үе байсан. Нэг явдлыг огт мартдаггүй юм. Тэгэхэд би зургаа орчим настай байсан шиг санагдана. Гэрт маань нэг бүдүүн нөхөр ирээд “Хэрэв өглөөний цайгаар дайлбал, гадаах цэцэрлэгийн моддыг тайрч янзалж өгье” гэсэн. Тэр үед хүмүүс тэгж л амь зогоодог байсан юм. Гэхдээ хэцүү байна гээд сэтгэлээр унаж, гоншигнолгүй, одоогийн хүмүүсээс илүү хүчтэй, хатуужилтай, дайчин байжээ.
•Ер нь бүхнийг урьдчилан мэдэж, таамаглах гэж өөрийгөө зовоох хэрэггүй. Болдог зүйл болж л таарна шүү дээ.
•Чи хүссэн ч, хүсээгүй ч үхэл гэдэг зүйлтэй тулгарна. Тэрнээс айх хэрэггүй. Цаг нь ирвэл явах ёстой гэдэг чинь хүн хорвоод мэндлэхтэй утга нэг маш энгийн, ойлгомжтой хууль биз дээ.
•Аав маань зуурдаар нас барсан юм. 63 настай түүнийг нөгөө ертөнц рүү гэнэт л аваад явчихсан. Гольф тоглох ч хугацаа өгөхгүй, бидэнтэй дахиад хэсэг байлгалгүй заавал яагаад аавыг минь сонгосон юм бол гэж бодоод би өөртөө гомдсон. Амьд сэрүүнд нь хамт байж, халамжилж чадалгүй, энэ тэр ажил, элдэв шагнал хөөцөлдөж явсандаа гомдсон юм. Харин ээж минь 97 насалсан. Явах цаг нь болсныг мэдэрсэн юм шиг “Би одоо явах ёстой. Ядарч байна” гэхэд нь би “Үгүй дээ, дахиад гурван жил амьдрах хэрэгтэй. Тэгвэл та 100 насална шүү дээ” гэж гуйсан. Ээж тэгэхэд “Чи зөрүүдлээд байлгүй, нүдийг минь хар даа” гэж билээ. Үнэхээр нүднээс нь би бүхнийг ойлгосон доо.
•Урт насална гэдэг их хувь заяа гэдгийг би их оройтож ойлгосон. Ер нь нас ахихыг хүндээр тусгаж аваад, сэтгэлээр унаад байх зүйл биш гэж боддог. Гэхдээ гавьяаны амралтаа эдэлж байна гээд энэ үеийг зүгээр л хэвтэж өнгөрүүлэхгүй бол шүү дээ. Тэгэхээр энэ бол тухайн хүнээс л шалтгаалах асуудал.
•Сүүлийн үед хүмүүс тэвчээргүй, харгис болоод байх шиг. Би дэндүү хөгширсөн сэтгэлгээтэй болж байгаатай холбоотой ингэж бодож байж магадгүй. Урьд нь түнжин хагарч, муудалцсан хүмүүс удалгүй л эвлэрч, хэн хэндээ муу санадаггүй байсан. Одоо бол нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцах болж. Зурагтаар хүртэл тийм л шоу цацаад байгаа биз дээ.
•Би эрх чөлөөг эрхэмлэгч. Хэн хэндээ дарамт учруулахгүй, бүгд амгалан байгаасай гэж хүсдэг. Бусдад яаж амьдрахыг нь хүртэл зааж, зааварчилдаг явдалд дургүй.
•Бурханд сүсэглэдэг хүмүүсийг би хүндэлдэг. Тэд итгэл үнэмшлээрээ л амьдарч байгаа шүү дээ, гоочлоод хэрэггүй. Та шашингүй үзэлтэй байх нь хамаагүй, бусдыг хүндлэх нь л чухал. Миний хувьд нэлээд сүсэгтэй ч үзэл бодлоо хэн нэгэнд тулгах дургүй.
Хүчтэй, чадалтай байх, зоригтой байхын хооронд алд дэлэм зай бий. Хаалга тогшиж биш, өшиглөж ордог хүн хүчтэй биш, дээрэлхүү.
•Нас ахих тусам хүүхдэд улам ихээр татагдаж, тэднийг хайрладаг юм байна. Миний хүүхдүүд бүгд өөр өөр эхээс төрсөн. (Тэрбээр хоёр удаа гэрлэсэн. Эхний эхнэрээсээ хоёр хүүхэдтэй. Үүнээс гадна түүний таван хүүхдийг найз хүүхнүүд нь төрүүлжээ). Дина (Түүний хоёр дахь эхнэр. Тэд 2013 онд салсан)-гийнхаа ачаар бид нэг дор элэг бүтэн амьдарцгааж байна. Тэр их ухаантай хүн. Анхны минь эхнэртэй, тэр бүү хэл зугаалдаг байсан бүсгүйчүүдтэй минь хүртэл эв зүйгээ олж, нөхөрсөг ханддаг байлаа. Гэр бүл минь Дина дээр л тогтдог гэж болно. Амьдралыг минь өөрчилж, надад хүчтэй нөлөөлсөн хүн түүнээс өөр байхгүй.
•Ижил хүйстэнтэйгээ гэрлэнэ үү, эсрэг хүйстнээ сонирхоно уу, ер нь хүний явдал бусдад ямар хамаатай юм бэ. Тэрийг дуулиан шуугиан болгох хэрэггүй. Сонгосон замаар нь тайван амьдруул л даа.
•Хүчтэй, чадалтай байх, зоригтой байхын хооронд алд дэлэм зай бий. Хаалга тогшиж биш, өшиглөж ордог хүн хүчтэй биш, дээрэлхүү. Рокки Марчиано (40, 50-иад онд Америкийг шуугиулж байсан алдарт боксчин. 1923-1969. Esquire) хүсвэл хормын дотор хэнийг ч нясалчихаж дөнгөх тийм хүчтэй хүн байсан. Хашгирч ярьдаг, том дуутай, сүрдмээр харагддаг ч үнэндээ түүн шиг дөлгөөн, хорхойд хоргүй хүн байгаагүй. Мухаммед Али ч тийм л эр.
•Би олон хүн “алсан”, садист нөхөр шүү дээ, гэхдээ зөвхөн кинонд. “Гар буун дээр минь гарын үсгээ зураад өгөөч” гэсэн олон хүнтэй таарч явлаа.
•Улстөрч гэдэг дэндүү уйтгар, гунигтай хүн санагддаг. Гэтэл улс төрд орохын тулд хүмүүс асар их мөнгө, хүч, цаг хугацаа зарцуулах юм.
•Улстөрчдийг хоёр хэсэгт хуваана. Нэг нь “Би”, нөгөөх нь “Бид” гэж ярьдаг. Барак Обама бол “Би”-гийн хэсгийнх. Бин Ладений тухай ярихдаа ч тэр хүн “Би” л гэдэг.
•Орчин үеийн улстөрчид бүхнийг амладаг болсон. Тэгэхгүй болохоор хүмүүс түүнийг сонгохгүй учраас тэр л дээ. Уг нь бид улстөрчдийг ажилтай байлгаж, тэд бидний төлөө үйлчлэх ёстой гэдгийг мартах учиргүй.
Өнөөгийн эмэгтэйчүүд бүгд л сайхан болж. Гэхдээ өөрөөрөө байж, хувь хүнээ гээчихгүй бол илүү үзэсгэлэнтэй байна даа.
•Сонгуульд ялна гэдэг сайны хажуугаар бас саар мэдээ шүү. (Иствуд 1986 онд Калифорнийн Кармел хотын даргын сонгуульд өрсөлдөн, ялж байсан. Esquire). “Би Мээр болчихлоо” гэж баярлаад толгойгоо өндийлгөөд л хийх ажлаа бодоод айдаг юм.
•Найруулагч “Мотор” гэж хашгирахад морь хүртэл үргэдэг юм.
•Дүрийн хэлэх үг, үйл хөдлөлийг олон удаа давтахаас илүүтэйгээр тухайн үед мэдрэмждээ тулгуурлан тоглох нь дээр байдаг.
•Анжелина Жоли үзэсгэлэнтэй, гайхалтай эмэгтэй. Түүнийг харах бүртээ Кэтрин Хепберн, Бетт Дейвис, Ингрид Бергман нарын 1940-өөд оны од жүжигчдийг санадаг.
•Өнөөгийн эмэгтэйчүүд бүгд л сайхан болж. Гэхдээ өөрөөрөө байж, хувь хүнээ гээчихгүй бол илүү үзэсгэлэнтэй байна даа.
•Холливудад хүний санаа, бүтээл хулгайлах явдал газар авсан. Миний киног ч тэр чигт нь хуулбарлачихсан байгаа.
•Оскар авч чадаагүй маш мундаг олон кино бий.
•Би Иракийн эсрэг дайныг хүчирхийлэл гэж боддог. Тухайн үед би энэ дайныг эсэргүүцэж байсан. Ер нь бол ардчиллыг шөнө дөлөөр “бүтээн” байгуулдаггүй юм.
•Хийх ёстой гэсэн олон ажил амжуулж явлаа. Харин одоо бол хэрэгтэй гэж бодсоноо хийх болно.
•Маргааш гэдэг бол баталгаа биш. Чи хэн байх нь хамаагүй тэр ирээдүй цаг гэдэг чамд ямар ч баталгаа болохгүй гэсэн үг.
Э.Хана