Цонхны цаана болжмор жиргэнэ. Залуу бүсгүй Виктория умгар өрөөндөө цамц нэхэн, сууна. Түүний хөрш, хөлөг онгоцны ахмад Лохов “Дардинал, улсын өмч завшсан хэрэгт намайг гэрчээр дуудлаа. Үнэндээ энэ хэргийн эзэн нь миний дотнын найз байгаа юм. Тиймээс би юу хийхээ мэдэхгүй байна” хэмээн бүсгүйд учирлах аж.
Хүн мөс, чанараа гээчихвэл бидэнд оюун ухаантай байх хэрэг байна уу. Энэ бүх асуултын хариулт “Хэрээт төгөл”–д бий.
Хөлөг онгоцны удирдах газрын дарга Баохин эртний найзтайгаа уулзахаар хотын захын хороололд иртэл, гэр нь эзэнгүй байлаа. Найзынх нь хөрш Виктория түүнийг гэртээ оруулан, тэнд хүлээхийг зөвлөв. Баохинийг хот даяар таньдаг тул сониуч бүсгүй “Та яаж ийм сайхан амьдрал бүтээсэн юм бэ” гэж асуув. Дарга ч өөрийн цалин, гэр бүлийнхээ тухай сэтгэл хангалуун ярилаа. Түүний хүү эмч, эхнэр нь үзэсгэлэнтэй, өөрөө ч өндөр цалин, үнэтэй байр, машинтай гэнэ. Гэнэт Баохиний зүрх өвдөв.
Гэрийн эзэн Виктория түргэн тусламж дуудаж, даргын эхнэрт ч мэдэгдлээ. Төд удалгүй эхнэр Анна нь ирсэн ч арайхийн амьсгалж буй нөхрийнхөө биеийг асуусангүй, “Хотын захын хороололд залуу бүсгүйтэй юу хийж байгаа юм бэ. Чамайг энд байгааг хүмүүс мэдвэл яана, нэр төрд чинь сэв сууна” гээд түргэний тэрэг ирэхээс өмнө нуугдах ёстой гээд түүнийг орон доогуур түлхэж орхив.
Харин түргэн тусламжаар Баохины хүү Борис ирэх нь тэр. “Борис байна. Бидэнд айх зүйл алга” хэмээн Анна баярлан хэлээд орны доороос өвчтөнийг гаргатал тэр ухаангүй байлаа. Маргааш УДЭТ-ын тайзнаа тоглох “Хэрээт төгөл” жүжгийн бэлтгэлээс бид сурвалжлага хийсэн юм. Бие нь муу Баохин “Анна” хэмээн орилтол УДЭТ-ын үзэгчдийн суудалд ганцаараа сууж байсан найруулагч Б.Мөнхдорж “Бие нь муу байгаа хүн чанга орилж чадах уу, бодоод үзээч, нам өнгөөр хэл” гэж жүжигчин Ч.Алтан-Өлзийд хэлэв. УДЭТ-т хэрэгжүүлж буй төслийн дагуу долоон найруулагч долоон бүтээлийг толилуулах гэж буй.
Эхнийх нь А.Вампиловын “Хэрээт төгөл” жүжиг юм. Тус жүжгийн уран бүтээлчид ийнхүү базааж байна. Баохин өвчтэй хэвтэж байхдаа өнгөрүүлсэн амьдралаа эргэн саналаа. Тэрбээр эд хөрөнгө, нэр хүнд, өөрийн жаргалын төлөө л амьдарчээ. Анхны эхнэрээсээ салж, дүү бүсгүйтэй гэрлэсэн, улсын өмч завшсан гээд л…
Ингэж сэтгэлийн шуналаа дийлэхгүй явсаар хүн чанартай хүмүүсээс холдож, өөртэйгээ ижил хэрээнүүдээр хүрээлүүлснээ эцэст нь ойлгоно. Тэрбээр “Эд хөрөнгө, мөнгөний хойноос бүү хөөцөлд, элдвийн муу юманд битгий авт, зөвхөн ариун цагаан хөдөлмөрөөрөө амьдараарай” гэж захиснаар жүжиг дууссан. “Хэн ч юу ч гэлээ гэсэн энэ ертөнцөд ийм явдал болдог л юм даа, гэхдээ цөөхөн болдог л юм” гэсэн Гоголийн үгийг жүжгийн төгсгөлд самбар дээр гаргасан нь ямар санаа өгүүлж буйг энэ сарын 9-нд тоглох “Хэрээт төгөл” жүжгээс үзээрэй. Зохиолч А.Вампилов “Хэрээт төгөл” жүжгээ 1960 онд бичжээ.
“Хэрээт төгөл” -ийг тайзны бүтээл болгож буй найруулагч Б.Мөнхдоржоос хэдэн зүйл асуулаа.
-Яагаад “Хэрээт төгөл” жүжгийг сонгосон бэ?
-Миний эмзэглэл энэ зохиолд байна шүү дээ. А.Вампилов хүний тухай асуудал хөнддөг. Хүн байхын утга учир нь юу вэ. Хүний мөс, сайхан сэтгэл, жудгийн тухай яагаад ярихаа болив. Шинэ зуунд хүн төрөлхтөн юуг эрхэмлэж, юуг орхих ёстой юм бэ. Хүн мөс, чанараа гээчихвэл бидэнд оюун ухаантай байх хэрэг байна уу. Энэ бүх асуултын хариулт “Хэрээт төгөл”–д бий.
-Хэрээгээр нийгмийн аль хэсгийг төлөөлүүлж байна вэ?
-Цагаан цамцтай хурган дарга нар энэ жүжгийг үзээд өөрийгөө харах болов уу. Бусдыг мартаж, мөнгөтэй болохын тулд хар амиа хичээдэг хүмүүсийг төлөөлүүлж байна. Мөнгө, нэр хүндийн төлөө амьдарсны эцэст тэдэнд үнэ цэнэтэй зүйл үлдэх үү? Олсон эд хөрөнгө, нэр хүнд, эрх мэдлээ авсанд аваад орох уу. Хүн өөрийнхөө л төлөө амьдраад эхлэхээр араатнаас ялгарахаа больчихож байгаа юм. Өөрөө мэдэхгүй хэрээ болчихдог юм биш үү.
Зохиолч: А.Вампилов
Найруулагч: Б.Мөнхдорж
Тайзны зураач: Т.Аянга
Гол дүрүүдэд:
Баохин-Ч.Алтан-Өлзий
Лохов-П.Цэрэндагва
Анна-Г.Урнаа
Виктория-Д.Ганцэцэг
Камаев-А.Чингүн
Борис-Г.Алтангэрэл
Г.Байгаль