Соёлын гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн ухааны доктор /Ph.D/, яруу найрагч, сэтгүүлч, утга зохиолын зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч Ү.Хүрэлбаатар Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар Ардын уран зохиолч цолоор шагнуулахаар болжээ.
Ү.Хүрэлбаатар нь Монголын соёл урлаг, боловсрол, шинжлэх ухааны салбарт хүчин зүтгэж ирсэн нэгэн юм. Тэрбээр 1970-аад оноос монголын соёл урлагийг судалж, сурвалжилж иржээ. Оюутан ахуйдаа “Эх бүрдийн домог” киноны шүүмж бичиж, уран зохиолын ертөнцөд идэвхтэй ажиллаж эхэлсэн бөгөөд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, театр судлаачаар ажиллаж олон арван бүтээл туурвисан юм. Мөн “Улаанбаатарын мэдээ”, “Улаанбаатар”, “Утга зохиол, урлаг” сонины ажилтан, эрхлэгчээр ажиллаж байхдаа соёл урлагийн салбарыг дагнан хариуцан хэдэн мянган нийтлэл бичиж байв.
Мөн тэрбээр дууны яруу найргаар дагнан туурвиж, эдүгээ “Хайрын бурхан”, “Сар шиг холын нутаг”, “Ангир ижий”, “Нарны хаан хүүхэд” гэх зэрэг мянга шахам дуу зохиож, “Эрх саран”, “Түгээмэлаялгуу”, “Миний дуу-Миний аз жаргал” зэрэг уран бүтээлийн тайлан тоглолтыг үзэгчдэд хүргэж байв. Түүний шүлгээр бүтсэн дууг дуулаагүй хамтлаг Монголд бараг байхгүй гэхэд хилсдэхгүй. Түүнчлэн “Эрх саран”, “Алтайн дуулал”, “Гоо марал” зэрэг рок, поп, нийтийн болон хүүхдийн дууны түүвэр, “Бид хоёр” цахим өгүүллэг, “Хар хорум” музыкл, “Мөнх хаан” кино туурь, “Гоо маралын адал явдал” хүүхдийн зохиол зэрэг утга зохиолын бүхий л төрөл зүйлээр бүтээл туурвижээ.
Хэл бичгийн ухааны доктор (Ph.D) утга зохиол судлаач, шүүмжлэгч хүнийхээ хувьд Ү.Хүрэлбаатар “Монголын уран зохиолын түүх” хамтын бүтээлийн зохиогчдын нэг бөгөөд “Д.Намдаг судлал”-ыг үүсгэн байгуулагч төдийгүй “Д.Намдагийн уран бүтээлийн туршиц туурвил зүй” сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан цорын ганц эрдэмтэн, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн хүндэт доктор, СУИС-ийн хүндэт профессор юм.

