Өмнөд Солонгосын “Самсунг Электроникс” компани өнөөдөр /2025.12.02/ өөрийн анхны гурван хавтастай эвхэгддэг ухаалаг гар утсыг танилцууллаа. “Galaxy Z TriFold” хэмээх энэ бүтээгдэхүүн нь 3.59 сая воны (2,440 ам.доллар) үнэтэй худалдаанд гарах ба 253.1 мм-ийн (10 инч) хөндлөн огтлолтой нэг том дэлгэц болон дэлгэгддэг гурван хавтаснаас бүрддэг юм байна.
“Самсунг”-ийн хамгийн сүүлд зах зээлд гаргасан эвхэгддэг гар утас болох “Galaxy Z Fold 7” загвараас дэлгэц нь 25 орчим хувиар том болжээ.

“Эвхэгддэг төхөөрөмжийн зах зээл цаашдаа өснө гэдэгт бид итгэлтэй байна. Ялангуяа TriFold нь энэ зах зээлийн гол хэсгүүдэд илүү огцом өсөлт бий болгох хурдасгуур болж чадна гэж бодож байна” гэж Самсунг Электроникс компанийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч бөгөөд Солонгосын зах зээлийн борлуулалт, маркетинг хариуцсан захирал Алекс Лим мэдэгдсэн байна.
Өөрөөр хэлбэл, ерөнхий зах зээлийн хэмжээг өсгөхгүй ч тодорхой сонирхогч зах зээлийн сегментийн эрэлтийг хангах бүтээгдэхүүн болсон гэнэ.

“TriFold” загвар арванхоёрдугаар сарын 12-нд Өмнөд Солонгост худалдаалагдаж эхлэх бол Хятад, Сингапур, Тайвань, Арабын Нэгдсэн Эмират Улсад энэ онд багтан гарах юм байна. Харин АНУ-ын зах зээлд ирэх оны нэгдүгээр улиралд худалдаалагдаж эхлэх ажээ.
Шинэ гар утас нь “Самсунг”-ийн үйлдвэрлэсэн хамгийн том батарейг агуулах ба энэ нь 30 минутын дотор багтаамжийнхаа 50 хувь хүртэл цэнэглэгдэх чадвартай байх гэнэ.
Шинжээчид “TriFold” загварыг зах зээлийг өргөжүүлэхээс илүүтэй шинэ технологийн боломжийг харуулах зорилготой гэж үзэж байна.
“Гурван хавтастай бүтээгдэхүүн хөгжлийн эхний үе шатандаа яваа тул анх удаа ийм загварыг худалдаанд гаргаж байгаа Самсунгийн хувьд их хэмжээгээр үйлдвэрлэх магадлал маш бага юм” гэж NH Investment & Securities компанийн ахлах шинжээч Рю Ён Хо тайлбарлажээ.
“Самсунг”-ийн анхны эвхэгддэг бүтээгдэхүүн “Galaxy Z Fold” долоон загвар дамжсаны дараа л ажиллагаа, найдвартай байдал нь жигдэрсэн тул гурван хавтастай бүтээгдэхүүнд олон сорилт тулгарна гэж тэр үзэж байна.
Эвхэгддэг гар утасны өрсөлдөөн сүүлийн жилүүдэд эрчимжиж байгаа бөгөөд Хятадын Huawei өнгөрсөн есдүгээр сард салбартаа анхны гурван хавтастай гар утсыг худалдаанд гаргасан. Apple компани өөрийн анхны эвхэгддэг гар утсыг ирэх онд танилцуулах төлөвтэй байгаа. Гэсэн хэдий ч өндөр үнэ өртөг, хязгаарлагдмал үйлдвэрлэл нь энэ салбарын өсөлтийг хойш татах магадлалтай гэж шинжээчид үздэг.
“Counterpoint Research” байгууллагын мэдээлснээр эвхэгддэг гар утас энэ онд нийт ухаалаг гар утасны зах зээлийн 2 хүрэхгүй хувийг эзэлж байгаа бол 2027 онд 3 хүрэхгүй хувьд хүрэх тооцоотой байна.
“Самсунг”-ийн хувьд энэ оны гуравдугаар улиралд зах зээлд нийлүүлэгдсэн нийт эвхэгддэг гар утасны 64 хувийг бүрдүүлжээ. Өмнөх улиралд нь энэ хэмжээ 9 хувь байсан юм.

