Хятадын эрдэмтэд “тархи–компьютерийн интерфэйс” ашиглан саажилттай хүнийг зөвхөн тархины дохиогоор төхөөрөмж удирдах боломжтой болгосон клиникийн туршилтыг амжилттай явуулжээ. Уг туршилтад 2022 онд нугасны гэмтлийн улмаас дөрвөн мөч саажилттай болсон нэгэн эрэгтэй оролцсон байна.
Тэрбээр Хятадын Шинжлэх ухааны академийн судлаачдын бүтээсэн системийн тусламжтайгаар ухаалаг тэргэнцэр болон робот нохойг удирдаж чаджээ.
Тархинд суулгадаг интерфэйс төхөөрөмжийг 2025 оны зургадугаар сард суулгасан бөгөөд хэдэн долоо хоногийн сургалтын дараа өвчтөн компьютерийн сум (курсор) болон таблетыг найдвартай удирдаж сурсан байна. Үүний үр дүнд тэрбээр оршин суугаа орчиндоо ухаалаг тэргэнцрээр явах, робот нохойд эд зүйл авчруулах тушаал өгөх чадвартай болжээ.
Энэхүү технологи нь тархины дохиог утасгүй имплантаар хүлээн авч, холбогдсон ямар ч төхөөрөмжийн команд болгон хувиргадаг. Судлаачид тархины “шуугиантай” дохионоос хэрэгтэй мэдээллийг илүү сайн ялгаж авахын тулд хоёр өөр тайлах аргыг хослуулснаар удирдлагын нарийвчлалыг 15 хувиас дээш нэмэгдүүлсэн байна. Мөн дохио дамжих хоцрогдлыг 100 миллисекундээс доош болгож, удирдлагыг илүү жигд, байгалийн мэт болгожээ.
Тархи–компьютерийн интерфэйсийн зорилго нь тархи болон төхөөрөмжүүдийн хооронд шууд харилцаа тогтоох юм. Өмнө нь ийм технологи лабораторийн орчинд туршигдаж байсан ч өдөр тутмын хэрэглээнд найдвартай болгох нь томоохон сорилт хэвээр байсаар ирсэн. Харин энэхүү туршилт нь саажилттай хүмүүсийн хөдөлгөөн, орчны харилцааг бодит амьдралд сайжруулах чиглэлд ахиц гарсныг харуулж байна.

