Үлгэр, домог мэт яригддаг ч үнэн бодит түүх болон хадгалагдан үлдсэн нэгэн үнэт дурсгал бол Ойрадын Амарсанаа баатрын хөө хуяг юм.
Энэхүү хөө хуяг нь өдгөө Увс аймгийн музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа хамгийн үнэтэй үзмэрүүдийн нэг билээ.
1757 онд Амарсанаа Манжийн цэргээс зугтаж явахад морь нь эцэж цуцан, ядарч туйлдсан гэдэг. Тэр үед Баядын Батмөнх ноёны өвөг дээдэс хурдан саарал морио өгч, амийг нь аварсанд Амарсанаа талархан хөө хуягаа тайлж өгөөд явсан хэмээн уламжилж иржээ.
Уг хуягийг тухайн айл үе дамжин хадгалсаар XX зуунтай золгуулж, хожим музейд шилжүүлсэн байна.
Хөө хуягийн тодорхойлолт:
- Материал: төмөр
- Захгүй, зүүн тийш энгэртэй
- Ханцуй, хормой тасархай
- Урт (захаас хормой): 63 см
- Хормойн тойрог өргөн: 152 см
- Суганы тойрог өргөн: 138 см
- Мөр, цээжний урт: 115 см
- Захны тойрог: 65 см
- Ханцуйн угын тойрог: 56 см
- Баруун ханцуй: 62 см
- Зүүн ханцуй: 52 см
- Жин: 10.35 кг
Холбогдох он цаг нь 1750-иад он хэмээн судлаачид тогтоожээ.
Амарсанаа баатрын түүхэн байр суурь:
Ойрадын Амарсанаа баатар нь Монголын ард түмний 1755–1758 оны үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн гол удирдагчдын нэг юм. Тэрээр Хотгойдын Чингүнжавтай хамт Манжийн ноёрхлын эсрэг тэмцэж байжээ.
Амарсанаа нь Ойрадын Хошууд аймгийн хүн. Эцэг нь Гүүш хааны хойчис Галданданзан, эх нь Зүүнгарын хаан Галданцэрэнгийн охин Бодлогоч аж. Эцэг нь эхийг нь жирэмсэн байхад нас барсан тул Хойдын ноён Үйзэн хошуучийн гэрт төрж өссөн бөгөөд иймээс түүнийг Хойдын тайж хэмээн ч нэрлэдэг.
Амарсанаа баатартай холбогдох олон домог, түүхэн дурсгалт газар Увс аймгийн Давст, Зүүнговь, Сагил сумын нутагт бий.
1957 онд ШУА-ийн ажилтан Н.Дарам, Увс аймгийн музейн ажилтан Б.Самбуу нар Зүүнговь сумын Баянмөнх ноёны удам, Цэрэндэлгэр тайжийн эгч Минчээгийнд судалгаа хийж, Амарсанаагийн хөө хуяг болон Цэцэн хавсарга бууг олсон байна.
Хөө хуяг нь Увс аймгийн музейд, буу нь Үндэсний түүхийн музейд хадгалагдаж байна.

