Баян хошууны хүн чулуун хөшөө нь Ховд аймгийн Манхан сумын Баян гол багийн төвөөс зүүн өмнө зүгт гурван километр орчим зайд оршдог.
Он цагийн хувьд тус хүн чулуун хөшөө нь Түрэгийн үед холбогдоно.
Энэ хөшөөг саарал өнгийн боржин чулуугаар хийсэн бөгөөд өндөр нь 60 см, нүүрний өргөн 20 см, мөрний өргөн 40 см, зузаан нь 15 см юм. Толгойн оройд малгай дүрсэлсэн болохыг судлаачид тэмдэглэжээ. Өргөн дугуй царайд хөмсөг, урт хянган хамар, товойлгон сийлсэн уруул, хоёр нүд, амыг хонхойлгон дүрсэлсэн байна. Их биеийг төдийлөн засаж янзлаагүй, өөр ямар нэгэн дүрс үгүй аж. Энэхүү хөшөөний талаарх мэдээллийг Түүхийн ухааны докторант Х.Бямбасүрэнгийн “Ховд аймгийн нутаг дэвсгэр дэх хүн чулуун хөшөөд” номд бичжээ.
Ташрамд, Манхан сум нь Улаанбаатар хотоос 1300 гаруй км, Ховд аймгийн төвөөс 80 гаруй км зайтай. Тус сум 4000 гаруй хүн амтай ба тэдний 90 орчим хувийг захчин угсаатан эзэлдэг.


