Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гэрэл зураг»Оны шилдэг гэрэл зургуудыг шалгарууллаа
Гэрэл зураг

Оны шилдэг гэрэл зургуудыг шалгарууллаа

Урлаг Урлаг13/04/2026Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэлхийн гэрэл зургийн хамгийн нэр хүндтэй уралдаан болох “World Press Photo”-гийн бүс нутгийн ялагчид пүрэв гарагт тодорлоо. Энэ онд 69 дэх удаагаа зохион байгуулж буй уг уралдаанд дэлхийн 141 улсын 4000 орчим гэрэл зурагчин 60 мянга орчим бүтээлээрээ өрсөлджээ.

Зохион байгуулагчид эдгээр бүтээлээс 42 ялагчийг тодруулсан байна. Шагнал хүртсэн бүтээлүүдийн дунд томоохон мөргөлдөөн, хүмүүнлэгийн хямралыг харуулсан зургуудаас гадна өтлөлт, ганцаардлыг өгүүлсэн бүтээлүүд багтжээ. “World Press Photo”-гийн бүс нутгийн шалгаруулалтыг ихэвчлэн олны анхаарлын гадна үлддэг орон нутгийн дуу хоолой, үйл явдлуудыг тодруулах зорилгоор явуулдаг бөгөөд нийт 42 ялагчийн 31 нь бүс нутагтаа амьдардаг гэрэл зурагчид ажээ.

Европын бүс нутгийн гэрэл зурагчдаас шалгарсан бүтээлүүдийн дунд Украины гэрэл зурагчин Евгений Малолеткагийн “Associated Press” агентлагт зориулан авсан “Киев рүү хийсэн Оросын дайралт” нэртэй зураг багтжээ. Энэхүү зурагт дайн эхэлснээс хойш Украины нийслэлд өгсөн хамгийн хөнөөлтэй цохилтуудын нэгд өртөж, ихээхэн сүйдсэн Киев хот дахь байшингийнхаа дэргэд зогсож буй 65 настай Валерия Синюк гэдэг эрэгтэйг буулгажээ. Уг гэрэл зурагт 2025 оны дөрөвдүгээр сарын 24-ний бөмбөгдөлтийг харуулсан бөгөөд тухайн үед Оросын цэргүүд Киев хотын таван дүүрэгт пуужин болон дронуудаар цохилт өгсний улмаас 13 хүн амиа алдаж, 90 хүн шархадсан байна.

Малолетка өмнө нь 2023 онд Оросын дайралтад өртөн сүйрсэн Мариуполийн төрөх эмнэлгийн гэрэл зургуудаараа “World Press Photo”-гийн бүс нутгийн шатны ялагчаар тодорч байжээ.

Европын бүс нутгаас мөн Германы гэрэл зурагчин Паула Хорникелийн “Нийгмийн туслах робот Эмма” нэртэй бүтээл мөн шалгарсан байна. Гэрэл зурагт асрамжийн газрын нэгэн өндөр настан нүүр царайг таньж, өмнөх яриагаа санах чадвартай Эмма нэртэй роботтой ярилцаж буйг буулгажээ. Энэхүү түүх нь Германд тулгамдаж буй хоёр хурц асуудал болох асрамжийн ажилтнуудын хомсдол болон ахмад настнуудын ганцаардлыг хөндсөн байна. 2023 оны судалгаагаар асрамжийн газарт амьдардаг 80-аас дээш насны таван хүн тутмын нэг нь өөрийгөө “маш их ганцаардмал” гэж мэдэрдэг гэжээ.

“Хойд болон Төв Америк” бүсийн ялагчдын нэгээр Ян Сонненмэрийн авсан “Портленд дахь ICE-ийг эсэргүүцсэн жагсаал” хэмээх гэрэл зураг тодорчээ. Гэрэл зурагчин АНУ-ын Цагаачлал, гаалийн хяналтын газрын (ICE) төв байрны гадна жагсагчид болон холбооны албаны ажилтнуудын хооронд үүссэн мөргөлдөөнийг дурандаа буулгасан байна. Энэхүү зураг нь Дональд Трампын засаг захиргаа цагаачлалын бодлогыг чангатгаж, олноор нь албадан гаргаж буйг эсэргүүцсэн 2025 оны зуны жагсаал цуглааныг өгүүлж байгаа юм. Энэ оны гол сэдвүүдийн нэг нь идэвхтнүүдийн үйл ажиллагаа, хүний эрхийн төлөөх тэмцэл байсныг “World Press Photo”-г зохион байгуулагчид онцолсон байна.

Палестин-Израилын мөргөлдөөний тухай бүтээлүүд энэ удаагийн уралдаанд онцгой байр суурь эзэлсэн байна. Азийн бүс нутгийн шалгаруулалтад шүүгчдийн бүрэлдэхүүн Палестины гэрэл зурагчин Сахер Альгоррагийн “The New York Times” сонинд зориулан авсан “Газыг ажиглахуй” цуврал бүтээлийг онцолжээ. Уг цувралын нэгэн зурагт Хан-Юнис хотын орчим дахь Газын зурвасын олон оршин суугчдын хувьд хоол хүнс залгуулдаг цөөн эх үүсвэрийн нэг болох Аль-Маваси дүрвэгсдийн хуаранд амьдарч буй палестинчууд хээрийн гал тогооны дэргэд хоол хүлээж буйг буулгасан байна.

Цуврал гэрэл зургийн тайлбарт дурдсанаар, хүмүүнлэгийн тусламжийн нийлүүлэлтийг эрс хязгаарласны улмаас 2025 онд тус бүс нутгийн энгийн иргэд өлсгөлөнд нэрвэгдэж, тасралтгүй бөмбөгдөлтөд өртөж байсан юм. Израил улс 2023 оны 10 дугаар сард ХАМАС бүлэглэлийн халдлагын хариуд Газын зурваст цэргийн ажиллагаа эхлүүлсэн билээ. ХАМАС-ын халдлагын улмаас 1200 орчим хүн амиа алдаж, 250 орчим хүн барьцаалагдсан юм.

Шагнал хүртсэн өөр нэгэн цуврал бүтээл бол АНУ-аас үзүүлэх тусламж багассаны дараа Афганистан дахь эмэгтэйчүүдийн аж байдлын тухай бүтээл юм. Францын гэрэл зурагчин Элиз Бланшар “Time” сэтгүүлд зориулан хэрэгжүүлсэн “Би айж байна” төсөлдөө алслагдсан Дайкунди мужид жирэмсэн эмэгтэйчүүд эмнэлгийн тусламж авч чадахгүй байгаагийн улмаас гэртээ төрөхөөс өөр аргагүйд хүрч буйг харуулсан байна.

АНУ-ын засаг захиргаа хүмүүнлэгийн тусламжийн санхүүжилтээ танасны дараа Афганистан даяар 422 эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа зогсох эсвэл хаагдсэн гэж уралдааны шүүгчид дурджээ. Энэхүү хүмүүнлэгийн хямрал нь талибуудын тогтоосон хязгаарлалтууд, тухайлбал, охидыг бага ангиас дээш боловсрол эзэмшихийг хориглоод байгаа үед болж байгаа юм.

Дөрөвдүгээр сарын 23-нд тодрох “Оны шилдэг гэрэл зураг”-ийн эзэн 10 мянган еврогийн мөнгөн шагнал хүртэнэ. Мөн ялагч болон финалд шалгарсан хоёр гэрэл зурагчинд иж бүрэн камер, дурангийн багцыг гардуулна. Харин бүс нутгийн шатны ялагчдыг 1000 евро, иж бүрэн техник хэрэгслээр шагнах ажээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гэрэл зураг Урлаг

Монголын түүхийг гэрэл зургаас тодруулах нь

10/03/2026
Гэрэл зураг Урлаг

Бөгтөр цагаан халимны гэрэл зураг тэргүүн байранд шалгарчээ

26/02/2026
Гэрэл зураг Урлаг

Гэрэл зурагчин Г.Ган-Өлзий Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

29/12/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Алек Болдуин дахин шүүхэд дуудагдлаа

20/04/2026

“Титаник” хөлгийн аврах хантааз 670 000 еврод зарагдлаа

20/04/2026

Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын чимээ” наадмыг ирэх сард зохион байгуулна

20/04/2026

Шинэ үеийн монгол кинонуудыг МИАТ-ийн олон улсын нислэгээр толилуулна

20/04/2026

Зураач Ц.Соёлмаагийн “Зэрэглээн цаана” үзэсгэлэн маргааш нээлтээ хийнэ

20/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.