“Crossing Bridges” олон улсын гэрэл зурагчдын 23 дахь удаагийн уралдааны шилдэг бүтээлүүдээр “Улаанбаатар-Дэлхийн зочдын дуранд” гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэлээ.
Тус үзэсгэлэн Улаанбаатар хотыг олон улсад сурталчлах, Монгол орны өвөрмөц байгаль, хотын өнгө төрх, нүүдэлчин ахуй, соёлыг дэлхийн гэрэл зурагчдын дуранд буулгах зорилготой юм.
Уралдааныг Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Чандмань Трэвел” компани хамтран Монгол Улсад анх удаа энэ сарын 3-9-нд зохион байгуулсан юм. Уралдаанд Сингапур, Малайз, БНСУ, Шри-Ланка, Филиппин, Индонез, Вьетнам, Австрали зэрэг найман улсын 140 гэрэл зурагчин, Монгол Улсаас 10 гэрэл зурагчин оролцож, нийт 150 уран бүтээлч авьяас, ур чадвараа сорьжээ.
Нийслэлийн Аялал жуулчлалын газрын мэдээлснээр, уралдаанд оролцогчдын бүтээлээс шалгарсан шилдэг 88 гэрэл зургийг олон нийтэд толилуулах “Улаанбаатар-Дэлхийн зочдын дуранд” үзэсгэлэнг Улаанбаатар хотын музейтэй хамтран Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 29, 30-нд зохион байгуулж байна.
Тус үзэсгэлэнгээр дамжуулан гадаад, дотоодын гэрэл зурагчдын нүдээр Монгол орны байгаль, соёл, уламжлал, Улаанбаатар хотын өвөрмөц өнгө төрхийг олон нийтэд хүргэж, нийслэл хотын аялал жуулчлалын онцлог, үнэ цэнийг олон улсад сурталчлах ач холбогдолтой юм.


