Тав дахь удаагийн “Моушн Монголиа” олон улсын орчин үеийн бүжгийн наадам Улаанбаатар хотноо 2026 оны дөрөвдүгээр сарын 24–29-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.
Монголын Урлагийн Зөвлөлөөс 2018 онд санаачлан эхлүүлсэн тус наадам нь орчин үеийн бүжгийн урлагаар дамжуулан соёлын олон төрөлт байдлыг дэмжих, уран бүтээлчдийн бүтээлч хамтын ажиллагааг бэхжүүлэх, соёл хоорондын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх зорилготой платформ юм. Өнгөрсөн жилүүдэд АНУ, Канад, Австрали, Герман, Нидерланд, БНСУ зэрэг орны нэр хүндтэй хамтлаг, уран бүтээлчид оролцож, 400 гаруй бүжигчид, 15,000 гаруй үзэгчдийг хамруулсан байна.
Энэ удаагийн наадам нь уран бүтээлчид, бүжиг дэглээчдийн урт хугацааны хамтын ажиллагааг дэмжих, мэргэжлийн солилцоог нэмэгдүүлэх, бүжгийн боловсролыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэж байна. Наадмын хөтөлбөрийг өргөжүүлж, орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Сүхбаатар аймгийн уран бүтээлчдийг урин оролцуулж буйгаараа онцлог юм.
Наадмын хөтөлбөрийн үндсэн чиглэлүүд:
1. Чадавхыг бэхжүүлэх хөтөлбөр
Олон улсын болон дотоодын уран бүтээлчдийн удирдлага дор мастер класс, лекцүүд зохион байгуулагдана. Үүнд:
- Литва улсын бүжигчин, дэглээч Мариус Пинигисийн “Биеийн бүтээлч анатоми” мастер класс болон лекц
- Герман улсын уран бүтээлч Киани Дэл Валлигийн “Гэрэлт бие” сургалт
- Монгол-АНУ-ын бүжигчин, багш Түмэннасангийн Туяагийн бүжгийн багш, оюутан, уран бүтээлчдэд зориулсан сургалт
Эдгээр хөтөлбөрүүд нь биеийн соматик мэдрэмж, хөдөлгөөний техник, сэтгэлзүй ба хөдөлгөөний уялдаа холбоог судлах, бүжгийг нийгмийн оролцооны хэрэгсэл болгон ашиглах боломжийг танилцуулна.
2. Бүтээлч хөтөлбөр
“Орчин үеийн бүжиг ба яруу найраг” воркшоп (Яаяа Чен, П.Болортуяа)
Энэхүү хөтөлбөр нь 9–12 насны хүүхдүүдэд зориулсан бөгөөд хөдөлгөөн болон үгийн илэрхийллээр дамжуулан өөрийгөө нээх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, харилцааны ур чадварыг сайжруулахад чиглэнэ.
3. Олон нийтийн хөтөлбөр ба тоглолтууд
Наадмын хүрээнд олон нийтэд нээлттэй дараах тайзны бүтээлүүдийг толилуулна:
- “Зээр юу зүүдэлсэн бэ?” (найруулагч Ж.Мөнхцэцэг, дэглээч Н.Номин-Эрдэнэ)
Байгаль ба хүний харилцаа, экологийн эмзэг байдлыг зээрийн дүрээр илэрхийлсэн орчин үеийн бүжгийн бүтээл.
- “Ариун хаврын тахилга” (дэглээч Д.Энхгэрэл)
Хүний нийгэм, эрх мэдэл, золиослолын тухай сэдвийг орчин үеийн хэлээр тайзнаа илэрхийлсэн бүтээл.
- Бүтээлч хөтөлбөрт оролцсон хүүхдүүдийн тоглолт
Тоглолтууд дөрөвдүгээр сарын 27 болон 29-ний өдрүүдэд Улаанбаатар театрт болно.

