Мьянмарын уурхайчид тус улсын түүхэнд хоёрдугаарт орох хэмжээний жинтэй асар том, ховор бадмаараг олборлосон тухай тус улсын төрийн мэдээллийн хэрэгслүүд баасан гарагт мэдээллээ.
Мандалай мужийн Могок хотын ойролцоох уурхайгаас олдсон уг бадмаараг нь 11 000 карат буюу 2.2 кг жинтэй ажээ.
Төрийн мэдлийн “Global New Light of Myanmar” сонинд мэдээлснээр, уг эрдэнийн чулууг дөрөвдүгээр сарын дундуур тэмдэглэдэг уламжлалт Шинэ жилийн баярын дараахан олжээ.
Хэдийгээр уг чулуу нь 1996 онд олдож байсан 21 450 каратын бадмааргаас даруй хоёр дахин хөнгөн боловч өнгө, чанарын хувьд илүү бөгөөд илүү их үнэд хүрнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Мьянмар улс нь дэлхийн бадмаараг чулууны хэрэгцээний 90 орчим хувийг дангаараа хангадаг бөгөөд Могок болон Мон Шу бүс нутгаас олборлодог байна.
Үнэт чулуу нь өөртөө засах эрхийн төлөө тэмцэж буй тус улс дахь олон үндэстэн ястнуудын зэвсэгт бүлэглэлүүдийн санхүүжилтийн гол эх үүсвэр, олон арван жил үргэлжилж буй зэвсэгт мөргөлдөөнийг өдөөх гол хүчин зүйл болсоор иржээ.
Тус улсын удирдагч болон Засгийн газрын гишүүд нийслэл Нейпьидо хот дахь албан өргөөндөө уг аварга том бадмааргийг үзжээ.

