Дэлхийн хөгжмийн стриминг платформ “Spotify” BTS хамтлагаас болон хэрэглэгчдээсээ уучлалт хүссэн байна. Учир нь тус платформ саяхан реппер Drake-ийн “Make Them Cry” дууг 2026 оны хамгийн том дебют хийсэн дуу гэж андуурч мэдээлжээ.
Гэвч уг зарлалаас хэдхэн цагийн дараа “Spotify” мэдээллээ засахаас өөр аргагүй болсон байна. Учир нь хэрэглэгчид тухайн стриминг тоон үзүүлэлтэд эргэлзэж, олон нийтийн сүлжээнд маргаан үүсгэсний дараа платформ дотоод шалгалт хийжээ.
“Spotify”-ийн албан мэдэгдэлд дурдсанаар, 2026 оны тавдугаар сарын 15-нд Drake-ийн “Iceman” цомог руу чиглэсэн хандалт огцом өссөн. Стримингийн тоо богино хугацаанд маш хурдан нэмэгдсэн тул систем “Make Them Cry” дууг энэ оны хамгийн өндөр дебюттэй дуу гэж баталгаажуулсан аж. Гэвч дараа нь дотоод шалгалтаар хоёр өөр дууны тоглуулалтын тоо андуурч нэгтгэгдсэн нь илэрчээ.
“Spotify” бүх мэдээллээ дахин шалгаж, бодит үзүүлэлтийг зассаны дараа 2026 оны хамгийн том дууны дебют өөрчлөгдөөгүй байна. Энэ оны эхний өдрийн хамгийн өндөр стримингтэй дуугаар BTS-ийн “Swim” хэвээр үлдлээ. Уг дуу гарсан эхний өдрөө 14.6 саяас дээш удаа тоглогдсон байна.

