“Анир” поп оркестр байгуулагдсан цагаасаа эхлэн хувь хүний хөгжил, хөгжмийн боловсролд нэмэр оруулахуйц гайхалтай тоглолтуудыг сонсогч, үзэгчдэд хүргэсээр буй.
Тус хамт олон Монголд анх удаа холограмм ашиглаж бүрэн хэмжээний тоглолт хийсэн анхны оркестр, “Синемато” тайлбарт, танин мэдэхүйн тоглолтыг санаачлан боловсруулж, толилуулсаар буй шинийг санаачлагч хамт олон юм.
Тэгвэл энэ удаа “Анир” поп оркестрын уран бүтээлчид оркестр, язгуур урлагийн хоршлыг Монголд анх удаа толилуулахаар зэхэж байна. Тодруулбал, энэ зургаадугаар сарын 19, 20-нд “Улаанбаатар” театрын тайзнаа “Оршихуйн анир” тоглолтоо хүргэх гэж байна. Энэхүү тоглолт нь Монголын хөгжмийн урлагт шинэ өнгө аяс оруулсан “𝐄𝐭𝐡𝐧𝐨 𝐂𝐢𝐧𝐞𝐦𝐚𝐭𝐢𝐜” төрлөөр бүтээж буй тоглолт гэдгээрээ онцлог.
Тоглолтыг Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам найруулах бол “Анир” студи, “Анир” поп оркестрын үүсгэн байгуулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Алтанхуяг удирдах юм.
Тоглолтод “Анир” поп оркестртой хамт “Улаанбаатар” театрын “Хангарьд” найрал болон уртын дуучид, хөөмийчид оролцоно.

