Монголын хөгжмийн зохиолч, продюсер Аялагч буюу Х.Анхбаяр болон дэлхийд нэрд гарсан хөгжимчин Лео Рохас нар Герман улсын Франкфурт хот дахь “Basement Loft” студид хамтарсан хөгжмийн төслийн хүрээнд шинэ уран бүтээл дээр ажиллаж байна.
Уран бүтээлчдийн хамтын ажиллагааны хүрээнд Монголын уламжлалт хөгжмийн өнгө аяс, орчин үеийн дуугаралт болон дэлхийн хөгжмийн элементүүдийг хослуулсан шинэ бүтээл туурвихаар төлөвлөжээ. Түүнчлэн Франкфурт хотод болсон уулзалтын үеэр талууд нэг уран бүтээлээр хязгаарлагдахгүйгээр урт хугацаанд хамтран ажиллахаар санал нэгдэж, хамтарсан цомог бүтээхээр албан ёсоор тохиролцсон байна.
Тус цомог нь Монголын хөгжмийн өв соёл, уламжлалт аялгууг дэлхийн хөгжмийн урсгалтай уялдуулан олон улсын сонсогчдод хүргэх зорилготой томоохон төсөл болохыг зохион байгуулагчид онцолжээ.

Продюсер Аялагч (Х.Анхбаяр) нь Монголын уламжлалт хөгжмийн өвийг орчин үеийн хөгжим, дэвшилтэт технологитой хослуулан шинэ өнгө төрхөөр олон улсад сурталчлах чиглэлээр ажилладаг бөгөөд энэ удаагийн хамтын ажиллагаа нь Монголын хөгжмийн олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх шинэ алхам болж байгааг уран бүтээлчид онцолсон байна. Хамтарсан шинэ бүтээл болон цомгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ойрын хугацаанд олон нийтэд танилцуулахаар төлөвлөжээ.

