Завхан аймгийн Эрдэнэхайрхан сум нь Их хайрхан уулын агуйнууд, хадны оршуулга, хадны зураг, хүн чулуун хөшөө, хиргисүүр зэрэг археологийн арвин өвөөрөө Монгол орны баруун бүсийн онцлох түүх, соёлын дурсгалт нутгийн нэгэнд тооцогддог.
Тус сумын нутаг дахь археологийн олдворууд нь чулуун зэвсгийн үеэс Түрэгийн үе, XIII зууны өмнөх үеийг хамарсан түүхэн ул мөрийг хадгалсан бөгөөд нүүдэлчдийн соёл, оршуулгын зан үйл, тахилга шүтлэгийг судлах үнэт эх сурвалж болдог.
Эрдэнэхайрхан сумын хамгийн алдартай дурсгалын нэг нь Их хайрхан уул юм. Эртний далайн ёроолын шохойн чулуун тогтоцтой энэ уул нь цавчим өндөр хад, хавцал бүхий байгалийн өвөрмөц тогтоцтой бөгөөд 100 гаруй агуйтай.
Нутгийн иргэд Их хайрхан уулыг Манзушир бурхны орон, Алтан тэвш уул хэмээн эртнээс тахин шүтэж ирсэн бөгөөд 108 агуйтай хэмээн үздэг. Эхийн, Намширын, Бага агуй нь хамгийн томоохонд тооцогддог. Агуйнуудаас чулуун зэвсгийн үеийн болон бусад цаг үеийн археологийн олдвор, чулуун зэвсгийн эдлэл илэрсэн нь эртний хүмүүс энэ бүс нутагт амьдарч байсныг гэрчилдэг.
Мөн тус сумын нутгаас дэлхийд ховорд тооцогдох хадны оршуулга илэрсэн бөгөөд XIII зуунаас өмнөх үед холбогдох магадлалтай монгол язгууртны эмэгтэйн занданшуулсан бүтэн шарил олдсон нь Монголын археологийн шинжлэх ухаанд үнэтэй олдвор болсон юм.
Түүнчлэн хадны зураг, хүн чулуун хөшөө, булш, хиргисүүрийн цогцолбор олон бий. Тухайлбал, Алтан багийн Бага хөлд буга, янгир, чоно зэрэг ан амьтан, тамга тэмдэг дүрсэлсэн хадны зураг, дөрвөлжин хүрээтэй хиргисүүр хадгалагдан үлджээ.
Мөсөн багийн Ар сайр, Барзан, Дунд согооны овоо, Их бэрх зэрэг газарт хүрэл зэвсгийн үеийн томоохон хиргисүүр, булшны цогцолборууд байдаг бол Улаагчны Хар нуурын орчмын Гүнгийн ар, Их бэлчирт тахилын байгууламжтай хүн чулуун хөшөөд бий. Харин Хар нуурын Тээгийн үзүүрт эртний тахилын онгон, Хар цагаанд бүрэн сэдэвт хадны зураг хадгалагдан үлдсэн байна.
Соёлын өвийн үндэсний төвөөс эрхлэн хэвлүүлсэн “Монгол нутаг дахь түүх, соёлын үл хөдлөх дурсгал. XI дэвтэр. Завхан аймаг” бүтээлд Эрдэнэхайрхан сумын нутагт нийт есөн гол дурсгалт газрыг бүртгэн баримтжуулжээ. Үүнд хиргисүүр, булшны цогцолбор тав, хүн чулуун хөшөө хоёр, хадны зураг хоёр, тахилын онгон хоёр газрыг хамруулсан байна. Эдгээр нь хүрэл зэвсгийн үеэс Түрэгийн үе хүртэлх нүүдэлчдийн соёл иргэншил, тахилга шүтлэг, оршуулгын зан үйлийг судлах үнэт дурсгалуудын нэг хэсэг юм.
Эрдэнэхайрхан сумын нутгаар аялагчид эдгээр түүх, соёлын дурсгалуудтай танилцахын зэрэгцээ Завхан аймгийн Орон нутгийг судлах музейн археологийн танхимд хадгалагдаж буй тухайн бүс нутгаас илэрсэн олдворуудыг үзэх боломжтойг Завхан аймгийн Аялал жуулчлалын холбооноос зөвлөж байна.
Ийнхүү байгалийн өвөрмөц тогтоц, олон мянган жилийн түүхийг өгүүлэх археологийн дурсгалуудыг хослуулан үзэх нь Завхан нутгийн танин мэдэхүйн аялал жуулчлалын онцлох чиглэлийн нэг болж байна.

Хар нуурын Тээгийн үзүүрийн тахилын онгон
Сумын төвөөс зүүн хойд зүгт 46 км зайд Алтан багийн нутаг Хар нуурын эрэг, Тээгийн үзүүр хэмээх газар зэл чулуутай тахилын онгон байна.

Бага хөлийн хадны зураг, хиргисүүр
Сумын төвөөс зүүн хойд зүгт 9 км зайд Алтан багийн нутаг Бага хөл хэм ээх газар буга, янгир, чоно зэрэг ан амьтны болон тамга тэмдгийг дүрсэлсэн хадны зураг бий. Мөн дугуй, дөрвөлжин хүрээтэй цөөн хиргисүүр бий.

Их хайрхан уул
Эртний далайн ёроолын шохойн чулуун тогтоцтой энэ уул нь цавчим өндөр хад, хавцал бүхий байгалийн өвөрмөц тогтоцтой бөгөөд 100 гаруй агуйтай

