Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн заалтыг тус тус үндэслэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит хурлаар хэлэлцээд, Баянхонгор аймгийн 20 сумын хамгаалалтад байх 276 дурсгалт газрын 1143 түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтыг баталжээ.
Энэ нь тухайн дурсгалын эх төрх, бүрэн бүтэн байдлыг хадгалж хамгаалах, үнэ цэнэ, ач холбогдлыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм.
Баянхонгор аймаг эртний түүх, соёлын үл хөдлөх дурсгал олонтой. 1989 онд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Уран хайрхан, Баян-Өндөр сумын Чихэн агуй, Богд сумын Орог нуурын Эх булагийн чулуун зэвсгийн дурсгалууд, Баянлиг сумын Зоог зуухын голын хуучин, шинэ, хүрэл зэвсгийн үеийн дурсгалт газруудаас олдсон археологийн олдвор нь одоогоос 500 мянган жилийн өмнө манай дэлхий дээр хүн амьдарч байсныг нотлох үнэ цэнтэй олдвор байдгаас гадна Баянлиг сумын нутаг Их Богдын нурууны Их баян уулын Цагаан агуйд 750-850 мянган жилийн тэртээд хүн амьдарч байсан ул мөрийг 1987, 1989, 1995, 1996, 1997, 1998 онд хийсэн Орос, Монгол, Америкийн судалгааны багууд малтлага судалгааны үр дүнд тогтоосон байдаг.
Мөн Монголын эртний түүх, утга зохиолын гайхамшигт дурсгал болох “Монголын нууц товчоо”-нд Их эзэн Чингис хааны цэрэг дайлаар мордохдоо түүхт Хүрэн бэлчирт буудаллаж байсан тухай өгүүлсэн нь бий. 1686 онд Халхын өндөр Гэгээн Занабазар, Ламын гэгээн Лувсанданзанжанцан нарын удирдлага дор Дөчин дөрвөний ноёдын их чуулган мөн энэ нутагт болж, Монгол тумний хувь заяаны асуудлыг тунгаан болгоож байсан түүхтэй газар юм.
Түүнчлэн Баянхонгор аймгийн Байдрагийн голын сав “Эцгийн ус”-ны орчим Бүрэгхайрхан уулнаас авсан хоёр пироксент кварцат диорит хэмээх дундлаг найрлагатай гүний чулуунаас авсан дээжийг Ленинград хотын геологийн хүрээлэнд тодорхойлоход 3 тэрбум 60 сая жил гэж тодорхойлсон нь Монгол Улсын нутаг дэвсгэрээр тогтохгүй төв азид тодорхойлогдсон хамгийн эртний настай чулуулаг болж байна.
Монгол орны ноён оргилуудын нэг, Их Богд уул нь далайн түвшнээс дээш 3957 метр өндөр, Эрхэт хайрхан нь далайн түвшнээс 3535 метр өндөр өргөгдсөн Монгол орны Хангайн нурууны 2 дахь ноён оргил бөгөөд Отгонтэнгэр хайрханы дараа орж буй хайрхан билээ.
Баянхонгор аймаг нь хадны сүг зураг бичгийн дурсгал болох Бичигт хад эдүгээ 3000 жилийн тэртээд холбогдох эртний хүмүүсийн хаданд бичиж үлдээсэн бичиг, Бууцагаан сумын Гурванмандал уулын хадны сүг зураг Руни бичгийн дурсгал, Бөмбөгөр сумын Тай нурууны гэрэлт хөшөө зэрэг соёлын нандин өвүүд байгалийн галерей юм.

