Залуусын оюун ухаан, ур чадвар, эв нэгдэл, бүтээлч байдал, үндэсний соёл, эх оронч үзлийг дэмжих зорилготой “Жангар” залуучуудын наадам болж байна.
Энэхүү үйл ажиллагаа Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Дөргөн нуурын эрэгт болж буй бөгөөд байгальд суурилсан аялал жуулчлалын онцлогтой, шинэ үеийн залуучуудын чөлөөт орон зай, танилцах, хамтран суралцах боломжийг бүрдүүлдгээрээ онцлогтой юм.
“Жангар” наадам нь залуусын нийгмийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх, бүс нутгийн залуусын хамтын ажиллагаа, нөхөрлөлийг бэхжүүлэх, тэднийг манлайлагч болгон төлөвшүүлэхэд чиглэсэн залуучуудын бүсчилсэн нэгдсэн арга хэмжээ аж.
Тав дахь жилдээ болж буй ил наадамд Говь-Алтай аймаг төдийгүй Улаанбаатар, Дорноговь, Өвөрхангай, Баянхонгор, Завхан, Ховд аймгуудаас залуусын төлөөлөл хүрэлцэн ирсэн байна. Оролцогчдод залуучуудын хувь хүний хөгжлийн талаарх зөвлөмж илтгэл тухайлбал, эрүүл мэнд тэр дундаа нөхөн үржихүйн боловсрол, угийн бичиг хөтлөх зааварчилгааг аргазүйг олгох аж. Мөн спортын уралдаан тэмцээнүүд, урлаг, соёлын үзүүлбэрүүд, танилцах уулзалт, хөтөлбөрүүдийг зохион байгуулахаар төлөвлөжээ.

