Жүжигчин Том Холланд өмнө нь тоглосон зарим киноныхоо талаар маш илэн далангүй ярьж, үзэгчид тэдгээрийг үзэхгүй байсан нь дээр гэж боддог тухайгаа хуваалцжээ. Энэ тухайгаа тэрбээр “Dish” подкастад оролцох үеэрээ ярьсан байна.
Одоо тэрбээр “The Odyssey” болон “Spider-Man: Brand New Day” кинонуудаа сурталчилж байгаа бөгөөд эдгээр бүтээлээрээ үнэхээр бахархаж байгаагаа онцолжээ.
Том Холланд “Өөрийнхөө үнэхээр бахархдаг киног сурталчлах маш амархан. Хүмүүс “Яагаад энэ киног үзэх ёстой вэ” гэж асуухад чамд худлаа ярьж байгаа мэт санагдахгүй. Харин өмнө нь зарим киногоо сурталчлахад огт өөр мэдрэмж төрдөг байсан” гэж хүлээн зөвшөөрсөн байна.
Хүмүүс “Яагаад энэ киног үзэх ёстой вэ” гэж асуухад дотроо “Үзэх хэрэггүй. Учир нь энэ кино үнэхээр муу” гэж бодож байсан үе бий” хэмээн Том Холланд ярьсан бөгөөд гэхдээ яг ямар кинонуудыг гэдгийг тодорхой нэрлээгүй байна.

