Монголын орчин үеийн урлагийн түүчээ зураач С.Машбат “Би 50 жил зурлаа” нэртэй уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгээ дэлгэлээ. “Би 50 жил зурлаа” үзэсгэлэн Монголын урчуудын эвлэлийн уран зургийн галерейд энэ сарын 20-ныг дуустал үргэлжилнэ.
Зураач С.Машбат нь 1956 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд тэрбээр 1976 онд Дүрслэх урлагийн сургуулийн зураасан зураг, график мэргэжлээр, 1987 онд Болгарын үндэсний дүрслэх урлагийн академийг плакат зургийн мэргэжлээр тус тус дүүргэжээ. Мэргэжлийн боловсон хүчнээр Соёл урлагийн их сургуулийн харъяа Дүрслэх урлагийн дээд сургууль, Соёл сургууль гэх мэт улсын болон хувийн сургуулиудад багшилж Ногоон морь нийгэмлэг, орчин үеийн урлагийн “Хөх нар” холбоо, Төрийн шагналт Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн нэрэмжит Дүрслэх урлаг, дизайны “Анима” сургуулийг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд уран бүтээлээ туурвихаас гадна одоогоор “Корпорейт арт галерей”-г үндэслэн үйл ажиллагаа явуулж буй.
Тэрбээр 1994, 1996, 1998 онд Монголын урлагийн түүхэнд байр суурь эзэлж болохуйц анхдагч модернизмын үзэсгэлэнгүүдийн төлөөлөл болох “Retro Spectare 1,2,3” хамтарсан үзэсгэлэнг зохион байгуулж оролцон өнөөдрийг хүртэл дотоодын болон гадаадын Малайз, Вьетнам зэрэг улсуудын шилдэг уран бүтээлийн арга хэмжээнд идэвхитэй оролцож буй бүтээлч билээ.


