Уран бүтээлч, хөх илдэт Э.Мягмардорж “Дотор тнгри” болон “Тэнгэрийн зөн” уран бичлэгийн бие даасан үзэсгэлэнгүүдийнхээ албан ёсны нээлтийг наймдугаар сарын 28-нд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Уран бүтээлчийн санаачилсан “Тнгриз” төслийн цуврал үзэсгэлэнгийн эхнийх болох “Дотор тнгри” /Дотор тэнгэр/ үзэсгэлэнг энэ сарын 5-наас “Skywing сenter”-т дэлгээд буй юм. “Мөн чанарыг эрэлхийлэгч хүн болгонд зориулав” хэмээн уран бүтээлчийн тодотгож буй тус үзэсгэлэнд хүний дотоод оршихуй, ухамсар, өөрийн доторх тэнгэрийг эрэлхийлсэн орон зайн бүтээлүүд нь багтсан байна. Харин эдгээр эрэл, мэдрэмж, зөн совингийн цаана орших хүн ба тэнгэрийн харилцааг гүнзгийрүүлж, илүү өргөн хүрээнд илэрхийлэхийг эрмэлзсэн бүтээлүүдээ “Тэнгэрийн зөн” үзэсгэлэнд дэлгэхээр төлөвлөжээ.
Энэ тухайд уран бүтээлч Э.Мягмардорж, “Хүний дотоод тэнгэрээс тэнгэрлэг зөн мэдрэмж рүү чиглэсэн уран сайхны эрэл хайгуулыг энэ хоёр үзэсгэлэнгийн бүтээлүүдээрээ олон нийтэд хүргэхийг зорьсон. “Дотор тнгри” нь уран бичлэг, дүрслэх урлаг, монгол гүн ухаан, дотоод ухамсрын аяллыг нэгтгэсэн үзэсгэлэн юм. Энэ нь бэлгэдэлт зургаан орон зайгаас бүтэх бөгөөд гадаад ертөнцөөс дотоод оршихуй руу аажмаар шилжих эргэцүүлэл, бясалгал, мэдрэмжийн аялал байхаар зохиомжилсон .“Дотор тнгри” үзэсгэлэнд өгүүлсэн тэр эрлээс төрөх мэдрэмж, зөн, чиглэлийг “Тэнгэрийн зөн” үзэсгэлэндээ илэрхийлнэ. Энэ нь үзэгчийг зөвхөн бүтээл үзэх биш дотоод мөн чанар оршихуйтайгаа уулзах орон зайд урьж буйгаараа нэн онцлог гэж хэлж болно” хэмээн тодорхойлж байна.

