Холливудын нэрт жүжигчин Сандра Буллок олон жилийн хамтран амьдрагч, гэрэл зурагчин Брайан Рэндэллийг нас барсны дараах хүнд хэцүү үеийнхээ талаар анх удаа дэлгэрэнгүй ярьжээ. Тэрбээр “SmartLess” подкастад оролцох үеэрээ Рэндэллийн өвчин болон түүний үхэлтэй холбоотой олон зүйлийг олон нийтээс нууцалж ирсэн шалтгаанаа тайлбарласан байна.
Брайан Рэндэлл 2023 оны наймдугаар сард 57 насандаа амиотрофийн хажуугийн хатуурал (ALS) өвчний улмаас таалал төгссөн юм. Тэрбээр уг өвчинтэй гурван жилийн турш тэмцсэн бөгөөд оношоо олон нийтэд мэдээлэхгүй байхыг өөрөө хүссэн байна. Сандра Буллокийн хэлснээр Рэндэлл түүнээс өвчнийх нь талаар бусдад ярихгүй байхыг хүссэн тул жүжигчин түүний хүслийг хүндэтгэжээ. Гэвч энэ нь Сандра Буллокийн хувьд маш их сэтгэлзүйн дарамт болсон байна.
Тэрбээр Брайн Рэндэлл нас барахаас дөрвөн жилийн өмнөас биеийн байдал нь муудаж, амьдрал нь аажмаар өөрчлөгдөж эхэлсэн, өвчин зөвхөн тэдний харилцаанд бус, гэр бүлд нь ч хүндээр нөлөөлсөн, хайртай хүнээ асрахын зэрэгцээ хүүхдүүдээ ирээдүйд болох зүйлд бэлтгэх шаардлагатай байсан гэдгээ хуваалцжээ.
Сандра Буллок, Брайан Рэндэлл нар 2015 онд харилцаагаа эхлүүлсэн бөгөөд олон жилийн турш хувийн амьдралаа хэвлэл мэдээллийн анхаарлаас хол байлгахыг хичээсэн юм.
2023 онд Брайн Рэндэллийг нас барсны дараа Сандра Буллок уран бүтээлээ хэсэг хугацаанд завсарлаж, хүүхдүүдтэйгээ хамт байж, сэтгэл санаагаа нөхөн сэргээхэд анхаарсан байна.
Одоо харин Сандра Буллок уран бүтээлдээ эргэн орж, Николь Кидмантай хамт “Practical Magic 2” кинонд тоглож буй. Тус кино 2026 оны есдүгээр сарын 11-нд нээлтээ хийхээр товлогджээ.

